Нэг спортын төрлөөр нэг айлын дөрвөн хүүхэд хичээллэн, улсын шилдэг болохын төлөө зүтгэсээр явна. Тэд бол Хархүүгийн Энх-Амар, Хархүүгийн Энхмандах, Хархүүгийн Билгүүнсайхан, Хархүүгийн Дөлгөөнсайхан нар. Том ах Х.Энх-Амар нь улсын 10 дахь удаагийн аварга бол хоёр дахь ах Х.Энхмандах нь улсын аваргын таван алтан медальтай.
“Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаяр нарын шавь ах, дүү дөрөв энэ жил боксын насанд хүрэгчдийн улсын аваргад өрсөлдсөн нь Монголын боксын спортын түүхэнд анхны тохиолдол. Зүгээр нэг оролцоогүй.
УАШТ-д Х.Энх-Амар 10, Х.Энхмандах тав дахь удаагаа түрүүлсэн бол Х.Билгүүнсайхан мөнгөн медаль хүртэв. Хамгийн бага дүү Х.Дөлгөөнсайхан нь насанд хүрэгчдийн улсын аваргад анх өрсөлдлөө. Ирээдүйд ах, нар шигээ улсын шилдэг боксчин болох боломж түүнд бий гэж спортын хүрээнийхэн үнэлж байна.
Том ах нь болох Х.Энх-Амарын эхнэр нь Азийн аварга Т.Болортуул. Боксчин хос өнгөрсөн жил армийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэвжээнд хамтдаа Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.