Сангийн яам, Европын холбоо хамтран Монгол Улсад бодлого, гүйцэтгэлд чиглэсэн PFM системийг бэхжүүлэх тухай” сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Сургалтаар Монгол улсад төсвийн гүйцэтгэлийн тогтолцоо нэвтрүүлэхэд тулгамдсан асуудал, түүний ач холбогдлын талаар хөндсөн юм. Манай улс гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлээд хоёр жил болж байна. Эхний ээлжинд боловсрол болон эрүүл мэндийн салбарт энэ тогтолцоог нэвтрүүлсэн. Ингэснээр салбарын ажиллагсдын цалин хангамж нэмэгдэх давуу тал бүрдэж байгаа юм. Гүйцэтгэлээрээ санхүүждэг болох тогтолцоог ойрын хугацаанд Соёлын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Сангийн яамны нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Батмөнх “Өнөөдрийн арга хэмжээг Европын холбооноос манай улсад 2027 он хүртэл үзүүлж буй төслийн дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж байна. Сургалтад яамдууд болон олон улсын байгууллагууд оролцож байна. Өнгөрсөн хугацаанд бид тухайн хүн ажилласан л бол сарын цалинг нь олгодог тогтолцоог ашиглаж ирсэн. Харин одоо гарцад суурилсан буюу ажилтан хэдий хэмжээгээр ажиллана, тэр хэрээр цалин нь дагаж өсөх тогтолцоог бид бүрдүүлж байгаа юм. Жишээ нь, олон хүнд эмчилгээ хийсэн, мэс засал хийсэн эмч тэр хэрээр цалин, урамшууллаа өсгөж авна гэж ойлгож болно. Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоо нэвтрээгүй байхад боловсрол, эрүүл мэндийн салбарынханд цалингийн асуудал байнга гардаг байсан. “Цалингаа нэмүүлье” гэх жагсаал цуглаан ч их болдог байлаа. Харин санхүүжилт өөрчлөгдсөнөөр ажилтны гар дээр очих цалин хангамж өөрчлөгдөж байна. Тиймээс бүх салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэхэд чухал гэж бид үзэж байна. Өнөөдрийн сургалтаар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог орон нутагт нэвтрүүлэх ямар боломж байгааг голлон хэлэлцэж байна. Орон нутагт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад давуу талтай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, орон нутагт ажлын бүтээмж ямар байна, тэр хэрээр төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, аль эсвэл бууруулдаг байх нь ихээхэн давуу талтай. Иргэдийг хөдөө рүү татах гол хөшүүрэг байж болох юм гэдгийг бид хөндөж байна” гэлээ.
“САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛСЭН”
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүждэг болсны давуу талыг салбарын яамнаас дараах байдлаас тайлбарлаж байна. Тухайлбал, 2022 оны статистик үзүүлэлтээр “Салбарын ажилчдын цалин нэмэгдэж, эмнэлгүүдийн санхүүгийн байдал сайжирч, өөрсдөө тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийдэг болсон, 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд 2022 онд байрын урьдчилгааг эмнэлгүүд буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон, анхан шатны санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Мөн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах боломж бүрдсэн. Салбарын санхүүжилтийн шинэчлэл дуусах болоогүй бөгөөд таван жил хүртэл үргэлжилж байж бид зорьсон зорилтондоо хүрнэ" хэмээн албаныхан онцолсон юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.