Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Энх амгалан Өлзийт” өрхийн эрүүл мэндийн жишиг төвийг өнөөдөр нээж, ашиглалтад орууллаа.
Ж.АЛДАРЖАВХЛАН: ӨЛЗИЙТИЙН ИРГЭД АНХАН ШАТНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэгт Биокомбинат, Өлзийт, Шувуу гэсэн захын гурван хороо байдаг. 7200 гаруй иргэнтэй Өлзийт хорооны маань өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо. Энэ өрхийн эмнэлэг шүдний эмчтэй. Өлзийт хорооллын иргэд энд ирээд шүдээ үзүүлэх, эмчлүүлэх боломж бүрдлээ. Улмаар энэ өрхийн эмнэлэгт анхан шатны бүх үйлчилгээг авах боломжтой боллоо.
Энэ өрхийн эмнэлгийг барихад манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд хамтарч оролцлоо. Хан-Уул дүүргийн ИТХ, 14 хорооныхон мөн зүтгэсэн. Бүгдээрээ хамтарч, хөөцөлдөж байгаад энэ эмнэлгийг барьсан. Ашиглалтад орсон эмнэлгээ өрхийн эмнэлгийнхээ даргад хүлээлгэж өгье. Бид хийх ёстой зүйлээ хийлээ. Одоо энэ эмнэлгийг хэрхэн авч явах нь та нарын ажил. Та бүхэн маань иргэддээ сайхан үйлчлээрэй” гэв.
Б.МЯГМАР: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ ЖИШИГ ЭМНЭЛЭГ БОЛГОНО
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Мягмар “14 хорооны өрхийн эмнэлэг баригдах гэж олон жил хүлээгдсэн. Ж.Алдаржавхлан төлөөлөгч бид хоёр өнгөрсөн оны төсөвт Орон нутгийн сангийн хөрөнгөөр алслагдсан долоон хорооны өрхийн эмнэлэгт 400 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг нийлүүлсэн. Үүнээс энэ өрхийн эмнэлгийг тохижуулсан байгаа.
2023 оноос Хан-Уул дүүрэг жишиг нэгдсэн эмнэлэгтэй болох шаардлагатай байгаа. Тиймээс Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтраад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох зураг төслийн ажил хийгдсэн. Энэ онд барилгын ажлыг нь эхлүүлнэ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн эмнэлэг, алслагдсан хороодын өрхийн эмнэлгээс ч иргэд авах боломж бүрдэнэ” гэлээ.
“Энх амгалан Өлзийт” эмнэлгийн дарга "Манай өрхийн эмнэлэг нийт 14 өрөөтэй. Нэмэлтээр эх барих эмэгтэйчүүдийн өрөө, ЭХО-ны өрөө, шүдний кабинет, лабораторийн өрөөтэй боллоо.
Манай эмнэлэг 2016 онд өрхийн эмнэлэг болж тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хоёр эмч, хоёр сувилагч, нэг нийгмийн ажилтантай байсан. Өнөөдөр гэрээт эмчтэйгээ нийлээд зургаан эмчтэй, дөрвөн сувилагчтай боллоо. Нийт 16 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Хуучин дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар гэж явдаг байсан. Тоног төхөөрөмжийн дутагдал ихтэй байсан. 2018 онд жишиг өрхийн эмнэлэг барина гэж дуулаад бид материалаа бүрдүүлсэн. Тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан Наранцацралт дарга маань бидний материалыг хүлээлгэн өгч, эмнэлгийн барилга баригдахаар болсон.
Санхүүжилт нь гацаад байсан тул бид дүүргээсээ сонгогдсон Д.Сарангэрэл гишүүнд хандсан. Тэгээд улсын төсвөөс төсвийг нь баталж, энэ жил ашиглалтад орууллаа. Жил бүр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Алдаржавхлан нар бидэнд хэрэгтэй, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангаж байсан. Бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгдөг дарга нартаа баярлалаа” гэв.