14 жилийн өмнө сайн дурын ажлаар анх Монголд хөл тавьсан Ким эмч Монголчуудад хөрөнгөө алдаж, хохирсон ч дахин шинэ эмнэлэг байгуулахаар сэтгэл өвөртлөн зүтгэж байна. Тэрээр Монголд ирснээсээ хойш 600 гаруй Монгол хүнд үнэ төлбөргүй хагалгаа, 10 мянга гаруй хүнд үнэгүй үзлэг, оношилгоо хийсэн байдаг. Улмаар, Монголд олон улсын жишигт хүрсэн эмчилгээ нэвтрүүлэхээр “MBC MED” нэртэй хувийн эмнэлгээ үүсгэн байгуулсан байна. Ингээд тухайн үед ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мөнхбаттай тохирч, түүнийг сарын 2000 доллараар цалинжуулахаар тохирсон ч Д.Мөнхбат амлалтаасаа буцаж, Ким эмчийн хувийн өмч болох тусгай зөвшөөрөлтэй, 80 гаруй ажилтантай, гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаан авч, “MBC мед” эмнэлгийнх нь нэрийг, “MBG мед” болгон өөрчилжээ. Ингээд булаан авсан эмнэлгээ банкны барьцаанд тавьж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Энэ хэргийг шүүх хэлэлцээд тэтгэврээс өөр орлогогүй гэх Д.Мөнхбат эмчид 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон байна. Мөн 3 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаасан Мөнхбат эмчийг 700 гаруй сая төгрөгийг нь Ким эмчид буцаан өг гэсэн шийдвэр гарчээ. Ингээд гаднын хөрөнгө оруулагч, сайн үйлстэн Ким эмч хохирч үлджээ. Түүнийг монголд ирээд байх үед нь цөөн хором ярилцлаа.
“…Би Монголд анх их мөнгө олно гэдэг зорилготой ирээгүй ээ. “Монголчуудыг эмчилье, эдгээе” гэж л бодсон. Намайг ирэх бүрд үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, тэдэндээ санаа тавьж, “Эдгээчих юм сан” гэж ирж буцсаар өдий 14 жил болжээ. Тиймдээ ч эмнэлгээ байгуулахдаа их мөнгө олъё гэж байгуулаагүй. Олсон мөнгө нь хагалгаа, ажилтнуудын цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулагдаад таардаг байсан. Гэхдээ эмнэлэг маань тоног төхөөрөмж сайтай, яг л Солонгос жишигт нийцэхүйц байсан юм. Бид эмч сувилагчдаа ч Солонгост аваачиж сургаж бэлтгэсэн. Мөн Солонгосоос эмч нар авчирч Монгол эмч сувилагчдыг сургасан. Зөвхөн туршлагатай, сайн эмч нар л хийж чадах хагалгааг Монголчуудад үнэ төлбөргүй хийж өгч байлаа. Манай эмнэлэг Солонгос эмнэлгийн жишигтэй хэрнээ тэндхийн эмнэлгүүдээс хоёр дахин бага мөнгөөр Монголчуудад үйлчилгээ үзүүлдэг байсан юм.
Би одоо бол бүгдийг уучилсан. Би ганцхан муу хүний үйлдлээс болж, өөрийнхөө хийхийг хүссэн ажлуудаа зогсоож, бусдад өгсөн амлалтаасаа ухарч няцаж больж болохгүй. 2009 онд л өөртөө болон бусдад өгсөн амлалтдаа хүрч, биелүүлэхийн тулд хичээнэ. Миний урилгаар Монголд ирж байсан солонгос эмч нар маань ч “Ахиад бид Монголд хэзээ очих вэ, лекцээ тавьж, эмчилгээ хагалгаа хиймээр байна. Сайн дурын ажлуудад тань оролцмоор байна” гэж хэлдэг. Тэд бүгдээрээ, туршлагатай сайн эмч нар. Залуу, туршлага багатай хүмүүс биш. Таны энэ нэвтрүүлгийг цацагдахаас өмнө эмнэлгээ нээчихмээр байна.
Өнгөрсөн хугацаанд дутуу эмчлээд орхисон, эмчилж амжаагүй өвчтөнүүдээ эмчилж, тарж бутарсан байгаа эмнэлгийн хамт олноо нийлүүлж цуглуулна. Манай ажилтнууд бүгд аз жаргалтай ажилладаг байсан. Ахиад аз жаргалтай, тийм л эмнэлгээ нээнэ ээ. Одоо ч хүртэл намайг ярилцлага өгч байхад ажилтнууд маань таны ард зогсож байна. Би бараг бүх ажилтантайгаа холбоотой байдаг. Эмнэлэг маань хаагдсан ч ажилтнуудыгаа солонгост аваачиж өнгөрсөн хугацаанд сургаж бэлдсээр байсан билээ.
Миний амьдралын, эмч мэргэжлийн маань зорилго бол үлдсэн амьдралаа бусдын төлөө зориулж, хэцүү хүмүүст тусалж аз жаргал бэлэглэх явдал. Манай найзууд ч ийм хүсэлтэй. Одоо Непал, Филиппин Индонез, Бангладеш улсуудад найзууд маань сайн дурын ажил хийж байгаа. Монголд ирж чадахгүй байсан үедээ миний бие Казахстанд сайн дурын ажил хийж дөрвөн тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хагалгааг үнэгүй хийсэн байна лээ.
Би Монгол дахь эмнэлгээ алдсанаас үүдэж, хохирсон хамгийн том хохирогч нь биш ээ. Харин эмчилгээ үйлчилгээгээ дутуу авсан, хагалгааны дараа үйлчилгээнүүддээ гүйцэд явж чадаагүй, миний хагалгаанд орохоор хүлээж байсан Монгол хүмүүс л гол хохирогчид нь юм. Би үүнд л хамгийн их санаа зовж байгаа. Монголд 10 мянга орчим хүнд үнэгүй үзлэг оношилгоо, 600 гаруй хүнд үнэгүй хагалгаа хийж, бусад үйлчлүүлэгчдэд хямд үнээр хагалгаа, үйлчилгээ хийж байсан. Монголд хийсэн шиг ийм эмчилгээ, хагалгаа үйлчилгээг би Солонгостоо хийсэн бол жилд 10 тэрбумын ашиг олох байсан. Гэхдээ миний Солонгос дахь Хьюндай эмнэлэг ч мөнгөний төлөө хичээдэггүй. Солонгостоо чанартай бөгөөд хямд үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. Монголоос Солонгос руу хүмүүс эмчилгээнд явах гэж ах дүү нараасаа мөнгө зээлж, иргэдээсээ хандив гуйж, өр зээл тавьж явдаг. Би энэ бүхнийг мэддэг учраас Монголоос очсон хүмүүст аль болох л үнэгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Монголчуудыг Солонгос руу явуулж хүндрэл болгохгүйн тулд би өөрөө Монголд жилдээ дор хаяж 50 удаа ирдэг. Баасан гарагт ирчхээд бүтэн сайнд буцдаг. Энэ хооронд 12-15 хагалгаа хийдэг байсан. Гурван жилийн турш нэг өдөр ч амраагүй. Нэг дэхээс пүрэв гарагтаа Солонгостоо үндсэн ажлаа хийдэг байсан” гэлээ.