Ёс заншил, өв уламжлал, түүхээрээ гайхагдаж яваа ястнуудын нэг нь баргачууд. Төрийн ордонд болсон “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөн өдөрлөгт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас есөн барга малчин эмэгтэй оролцохдоо барга ястныхаа дээл, хувцсаар гоёж, жигдрээд ирсэн нь олны сонирхлыг ихэд татлаа. Эмэгтэй малчдын зөвлөгөөний нэгэн тод чимэг нь яах аргагүй тэд байв.
Энэ үеэр тэдэнтэй уулзаж, ярилцлаа.
Тэд “Бид өнөөдөр барга ястынхаа дээл, зүүсгэлээр гоёор ирлээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан эмэгтэй малчдын өдөрлөгт зориулж ингэж хувцаслан, жигдэрсэн юм. Энэ бол өдөр тутамдаа өмсдөг, зуны тэрлэг дээл маань.
Бид бүгд удам дамжсан малчид. Эцэг, эхээсээ өвлөж авсан мал сүргээ хариулан амьдардаг. Үе, үеийн малчдаа төлөөлөөд ирлээ
Манай аав Дорнод аймгийн анхны мянгат малчин Адьяаравдан гэдэг хүн байдаг. Одоо 88 настай. Аав минь өнгөрсөн жил улсын гавьяат малчин болсон. Үе дамжсан малчин хүн, би. Би барга дээл оёдог.
Бараг дээл шилбэ урттай. Хамгийн богинодоо 10 см урт байх ёстой. Өргөн гурав эмждэг. Айлын эхнэр болсон эмэгтэйчүүд толгойн гоёлыг ингэж боодог. Эхнэр болоогүй охид, бүсгүйчүүд цагаан алчуур хүзүүндээ зүүдэг. Ийм ёс заншилтай ард түмэн.
Манай Хөлөнбуйр сум барга хониороо алдартай. Барга хонь илүү нугаламтай, хавирга нь нарийн, махны гарц сайтай. Хүйтэнд тэсвэр, тэвчээртэй. Аль л өвсний соргогийг иддэг” гэлээ.
Малчин Ц.Долгоржав "Залуу малчин маш ховордож байгаа. Өнөөдрийн чуулган дээр л гэхэд дандаа ахмад насны малчид байна. Би залуу малчны төлөөлөл. Энд миний насны малчин тун цөөхөн, ер нь харагдахгүй байна.
Залуу малчин ховордож буйд нөлөөлж буй хүчин зүйлсийг ярьж байна. Айлууд “Охин хүүхдээ л боловсролтой болгоё” гээд охидоо явуулдаг. “Хүү яах вэ голомт дээрээ, хажууд байх юм чинь" гэдэг.
“Сайхан, сайхан залуучууд мал маллаад явж байна. Тэд нарт маань сайхан бүсгүйчүүд алга. Энэ талаар төр засаг бодлого барьж, орон нутагт оюутан, залуучуудаа хаврын цагт мал төллөх үеэр явуулаасай гэж хүсэж байна. Тэгвэл маш олон залуу малчинтай болох байх аа.
Залуу малчдаа төлөөлж хэлэхэд “Хөдөө юм бүхэн хөгжсөн. Гар утас, интернет байна. Тогонд залгаад угаалгын машин ажиллуулаад угаачхаж байна. Техник, технологи хөгжсөн өнөө үед хөдөөгийнхнийг хоцрогдсон гэж ойлгож болохгүй ээ. Малчин бид хөл нийлүүлэн амьдарч байна” гэв.
Ийн ярилцсаны дараа тэд барга ястныхаа дууг дуулж өгсөн юм.