Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөн, өдөрлөгт 21 аймгийн 1000-аад малчин эмэгтэй оролцов.
Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Тэрбээр “330 сумаас малчин эмэгтэйчүүд маань ган зуд, хол гэж түүртэлгүйгээр өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө, жам ёсны эрхээ хамгаалахын төлөө зориод ирсэн байна. Төрийн ордонд болж буй энэ арга хэмжээнээс гадна малчин эмэгтэйчүүдийн манлайлал зөвлөгөөн өдөрлөгийн хүрээнд гурван өдрийн арга хэмжээ болно. Малчин эмэгтэйчүүдээ умайн хүзүүний болон хөхний хавдрын эрт илрүүлэх оношилгоонд хамруулна. Сургалт, лекцүүдэд хамруулна. Соёлын арга хэмжээ давхар болж байгаа.
Энэхүү зөвлөгөөний үеэр малчин эмэгтэйчүүд маань үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна.
Малчдын хувьд хүйсийн, жендерийн тэгш байдал алдагдсан. Цаашид энэ тэнцвэрт бус байдал улам нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх тал дээр энэ зөвлөгөөн дээр илүү анхаарч байна. Өв соёл, уламжлал талаасаа ч, өнөөдрийн бидний хандлага, хэвшмэл ойлголт талаасаа ч мал бол малчдын өмч нь, ажил нь. Өмч гэдэг талаасаа малаа тоолуулахад нөхрийн нэр дээр тоологддог. Эхнэрүүд өмчөө нэр дээрээ тоолуулж чаддаггүй. Хэн нэгэн нөхрөөсөө өмчөө тасалж авах гээд байгаа, булаацалдаад байгаа, эхнэрийн нэр дээр бүртгүүлэхгүй бол болохгүй, бүтэхгүй байгаа асуудал огт биш. Өмчөө эхнэрүүд нэр дээрээ бүртгүүлснээр хөдөлмөрөө үнэлүүлэх эхний алхам хийгдэнэ. Өөрийн гэсэн өмчтэй болсноор төрийн үйлчилгээ, зээл авахад боломж нээгдэж байгаа юм. Цаашлаад тэтгэвэрт гарах асуудал ч мөн яригддаг.
Мал баталгаатай хөрөнгө биш. Магадгүй ган зуднаар малгүй болбол яах вэ. Нийгмийн баталгаа байгаа юу гэдэг асуудал мөн үү мөн.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийн тал дээр судалгаа хийсэн. Малчин эмэгтэйчүүд хоногт 25 цаг ажилладаг гэсэн дүгнэлт гарсан. Нэг өдөрт 24 цаг байдаг. Яагаад 25 цаг ажилладаг гэж хүмүүс гайхаж магадгүй. Эмэгтэй малчид олон ажлыг зэрэг, зэрэг хийдэг. Хоолоо хийж байхдаа үнээгээ саадаг ч юм уу. Олон зэрэг хийж байгаа энэ хөдөлмөрийг нь цагаар тооцоод, хоногт 25 цаг ажилладаг гэж дүгнэсэн юм билээ.
Малчдын хөдөлмөрийн хамгийн хүнд нь. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр нийгэмд тулгамдаж буй нэг асуудлыг хөндөн, үйл ажиллагаа явуулдаг. 2022 онд “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслөөр малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, алслагдсан нутагт хүрч очиж үйлчлэх явуулын эмнэлэг байсан.
Өнөөдөр манай холбоо үндэсний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр хоёр том ажлыг хийж эхлүүлж байгаа. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн мэргэжил эзэмших оюутанд тэтгэлэг олгоно. Эхний ээлжид энэ жил дөрвөн оюутанд тэтгэлэг олгоно. “Сүү” хувьцаат компанийн сүүн дээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны лого байршиж, худалдан авсан сүү бүрийн найман төгрөг нийгмийн зорилтот төсөл рүү зарцуулагдана” гэлээ.