“Хамгийн уран барилдаантай бөх хэн бэ” гэж бөхийн хорхойтнуудаас асуувал олонх нь “Д.Амарсайхан” гэж хариулах нь тодорхой. Өнөө цагийн үндэсний бөхийн спортын тод чимэг болж, уран хурц, дайчин барилдаанаараа гайхагдаж яваа бөхчүүдийн нэг нь яахын аргагүй улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан.
Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат тэрбээр өчигдөр болсон “Алтан цом”-ын шигшээ барилдаанд Увсын бөхчүүдийн эсрэг зодоглохдоо бүх өрсөлдөгчөө өвдөг шороодуулан, багаа ялахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Баянмөнх нарыг уран мэхээр давж, барилдааныг улам үзүүштэй болгосон юм. Багийн лидер ямар байдгийг, гол ачааг нуруундаа яаж үүрдгийг тэр тодоос тод харууллаа.
Д.Амарсайхан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн. Багаасаа бөхийн спортод хорхойссон түүний анхны багш нь Болдбаатар. Үндэсний бөхийн эрдэм заасан, гол суурийг нь тавьсан багш нь Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг.
Тэрбээр 17 насандаа сумын заан болжээ. Дөрвөн жилийн дараа буюу 2010 онд Булган аймгийнхаа наадамд тав даван, начин цол хүртсэн юм. Дараа жил нь түрүүлж, аймгийн арслан болсноос нь хойш түүнийг улсын цол хүртэхийг олон хүн хүлээж байв.
Тэр жилээ шууд улсын наадамд барилдаад хоёр давж, гурвын даваанд Дорнод аймгийн арслан Б.Батхуягт унажээ.
Олны хүлээлт 2016 онд биелж, Д.Амарсайхан улсын цолтны гэр бүлд багтсан. Тэрбээр тавын даваанд нутгийнхаа хүчит заан Д.Баасандоржийг даван, улсын начин цол хүртсэн юм. Уран барилдаантай Д.Амарсайхан 2018, 2019, 2020 оны улсын наадамд дөрөв давж, начин цолоо батлах тун дөхсөн. Улсын наадамд гурван жил дараалан дөрөв давна гэдэг амаргүй амжилт.
Биеэр жижиг ч бярдуулдаггүй, дутуугаа уран барилдаанаараа нөхдөг нь түүний гол онцлог.
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй түүнийг “Амаргүй барилдаантай Амарсайхан” гэж тодотгосон. Үүнтэй хүн бүхэн санал нийлэх нь гарцаагүй. “Амарсайхантай таарчихлаа. Ямар ч мэх хийж магадгүй. Унасных нь дараа л унагаалаа гэж санаа амрахгүй бол ёстой амаргүй” гэж олон бөх үнэлдэг.
Булганчуудын анхдагч амжилтыг Д.Амарсайхан начин мөн үргэлжлүүлсэн. Тэрбээр Монгол туургатны наадмын 85 кг-д түрүүлсэн Монголын анхны бөх. Анхдагч болохдоо их шөвөгт улсын харцага Т.Баасанхүүг, үзүүр түрүүнд О.Түмэндэмбэрэлийг давжээ. Анхдагч болсон амжилт нь Монгол туургатны наадмын түүхэнд бичигдэн үлдсэн.
Д.Амарсайхан начин дунгуйлдаж татах, нааж хавирах дархан мэхтэй. Барилдааны явцаас шалтгаалж олон төрлийн мэхийг хийж чаддаг түүнийг улсын начнаар тогтохгүй, цолоо ахиулах, бүр дээшээ барилдах нөөц, боломж дүүрэн бөх гэж монгол түмэн үнэлж, дээлийнх нь захыг мушгидаг.