Хоёр хуваагдсан Ардчилсан намынхан ээлж дараалан хурлаа хийж, даргаа сонгосоор байна. О.Цогтгэрэлийн талын АН-ынхан өмнө нь ҮБХ-оо хуралдуулж, Л.Гантөмөрийг даргаар сонгон, хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл С.Эрдэнийн талынхан өнгөрсөн бямба гарагт ҮБХ-оо хуралдуулж, Д.Ганбатыг даргаар сонгожээ. Энэ талаар С.Эрдэнэ “Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ эвлэлдэн нэгдсэн Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд нийт 143 мянга 421 гишүүнээс 79 мянга 489 гишүүн саналаа өгч 22 мянган гишүүний санал ялалт байгуулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар ёсчлон батламжлах АН-ын ээлжит бус XVI их хурал өнөөдөр албан ёсоор хуралдлаа.
Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцлоо. Намын даргыг ёсчлон батлах тухай тогтоолыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нийт гишүүдэд уншиж танилцуулж, санал хурааснаар Ардчилсан намын шинэ даргаар Д.Ганбатыг албан ёсоор батламжиллаа. Ийнхүү Ардчилсан намын дарга Д.Ганбатыг хуульд заасан үндэслэлийн дагуу Улсын Дээд Шүүх болон бусад холбогдох байгууллагад бүртгүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувдад даалгалаа.Ардчилсан намын даргаар сонгогдож, батламжлагдсан УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат танд баяр хүргэж, амжилт хүсье” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Ингэснээр Улсын дээд шүүх хэнийг нь АН-ын даргаар бүртгэж авах вэ, аль хүчин төгөлдөр вэ гэдэг асуудал анхаарлын төвд ороод байна. Хоёр хуваагдсан талынхан хоёулаа “АН-ынхан эвдрэлцээгүй. Ганц нэг хүн л дунд нь саад болж байна” хэмээн тайлбар өгөөд байна. Гэвч бодит байдал дээр тэдний маргаан нэг талдаа гарч шийдэгдээгүй хэвээр л байна.