Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгааны мэдэгдэл гаргаснаас хойш цөөнгүй Оросууд эх орноосоо зугтсан. Тэгвэл, эдгээр зугтсан иргэдээс тав нь Монгол улсаар дамжин БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудалд очоод, гурван сарын хугацааг өнгөрөөжээ.
Албаныхан тэднийг хүлээн авч, улсынхаа хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоогүй байгаа гэнэ. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэднийг дүрвэгчийн статустайгаар оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэдний хуульчийн хэлснээр, залууст өдөрт нэг хоол өгч байгаа гэв. Түүнчлэн шүршүүрт орох боломжтой бөгөөд тодорхой хэсгүүдээс гарч болохгүй. Эрүүл мэндийн хувьд хязгаарлагдмал үйлчилгээ авч байгаа бол сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд туслалцаа авах боломжгүй.
ОХУ цэргийн дайчилгаагаа зарласнаас хойш долоо хоногт 200 мянга гаруй Орос эрчүүд Гүрж, Казахстан, Европын Холбоо руу гарсан гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: CNN