Сүүлийн өдрүүдэд Украинд Германд үйлдвэрлэгдсэн “Леопард 2” танк илгээх эсэх тухай асуудал НАТО-гийн орнууд дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Эргэн сануулахад, Герман улс уг танкийг илгээх эсэхдээ эргэлзэж эхэлсэн нь олон улсын шүүмжлэлийг дагуулаад байсан. Учир нь Германы эргэлзээ барууны орнуудын Украинд үзүүлэх туслалцааны цаашдын төлөв байдлыг баталгаагүй болгож байна гэж бусад улсууд илэрхийлж байсан юм. Харин Германы канцлер энэ асуудалд цэг тавьж, “Леопард 2” танкаа нийлүүлэх болсноо ийн мэдэгдлээ. Түүнчлэн уг танкийг эзэмшдэг бусад улсууд ч Украинд туслалцаа үзүүлж болно гэдгийг зөвшөөрчээ.
Олон улс орон хамтарч энэ төрлийн хүчтэй зэвсэг Украинд нийлүүлбэл дайны нөхцөл байдлыг Украины талд авчрах боломжтой талаар мэргэжилтнүүд хэлсэн. Тиймээс Оросын талаас барууны холбоотнууд Украинд энэ хэвээр зэвсэг нийлүүлсээр байвал байлдааны талбарт огт өөр тактик хэрэглэнэ гэдгээ анхааруулаад байна.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Газрын байлдаанд НАТО хүч түрэн орж ирвэл цөмийн аюулыг улам дуудаж байна гэсэн үг” хэмээн өнгөрсөн долоо хоногт сануулж байсан юм.
Эх сурвалж: AL JAZEERA