ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийг үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгаж хориг тавьж буйгаа цагаан ордноос мэдэгдлээ.
Тодруулбал, тус бүлэглэлийн АНУ дахь хөрөнгийг царцааж, америкчууд тус бүлэглэлд санхүүжилт, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхийг хориглож байгаа юм байна. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Энэ бол оновчтой шийдвэр, бидэнд илүү давуу талтай” гэж тодотгожээ. Уг шийдвэр энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
АНУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Орос, Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д чиглэсэн томоохон хориг арга хэмжээ авснууд нь Вагнерт тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч энэ удаа цэвэр Вагнерийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаараа ялгаатай гэдгийг албаныхан онцолжээ.
Түүнчлэн бусад улс орнуудыг ч В.Путины ойрын хүн болох Евгений Пригожины тэргүүлсэн тус бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа. Орос, Украины байлдаан сүүлийн үед ид өрнөж буй зүүн Украины Соледар тосгонд Оросын талаас Вагнер бүлэглэл голлон тулалдаж байгаа юм.
Эх сурвалж: VO