Нохойгоо гэрт нь удаан түгжиж үлдээх нь нохойг стресстүүлж, зан аашид нь өөрчлөлт орж, хүмүүс рүү дайрдаг болдог байна. Нохойгоо гадуур салхилуулж, нийгэмшүүлэх нь нохойнд сайнаар нөлөөлж, эерэг зан чанартай болдог аж. Нохой авахдаа юунд анхаарах болон нохойгоо хэрхэн арчлах талаар “Шандын харуул” нохойны төвийн үүсгэн байгуулагч Ж.Болд-Отгоны зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
-Сайн байна уу. Энэ нохойны төвөө хэзээ нээсэн бэ?
-Сайн байна уу. Намайг Жаргалсайханы Болд-Отгон гэдэг. Малын их эмч мэргэжилтэй. Арванхоёрдугаар сарын 24-өөс үйл ажиллагаагаа эхлээд явж байна.
-Танай төв одоо ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манайх одоогоор байршуулах үйлчилгээтэй, тэмцээний бэлтгэл явж байна. Байршуулах үйлчилгээ нь байнга явагдана. Нохой тэжээдэг хүмүүс аялалд явах, эмнэлэгт хэвтэх зэргээр нохойгоо харж амжихгүй болсон үедээ манай байршуулах үйлчилгээнд үлдээж болно. Мөн нийгэмшлийн сургалтууд, салоны үйлчилгээ үзүүлдэг. Эзэнтэй сургалт буюу гэрийн хүмүүжилд би өөрөө яаж нохойгоо сургах, яаж зөв дадал суулгах вэ, анх нохой авах гэж байгаа хүн юу, анхаарах вэ зэрэг сургалт ордог.
-Нохойг яаж нийгэмшүүлэх вэ. Гадуур нохойгоо салхилуулахдаа юунд анхаарах ёстой вэ?
-Нохой нийгэмшүүлэх нь бидний шийдэх гэж байгаа гол асуудал. Гэрийн хүмүүжил гэдэг нь эхлээд гэрт бааж, шээхгүй байхаас эхэлнэ. Дараа нь юм урж, таслахгүй байх, тайван байх зэрэг нь гэрийн хүмүүжилд багтдаг. Харин нийгмийн хүмүүжил нь гудамж, талбайд гараад, хүн рүү дайрахгүй байх, бие засах ёстой газраа очиж, бие засдаг байх, хөтөлгөөндөө чөлөөтэй явдаг, чирэхгүй, чирэгдэхгүй байх зэрэг нь нийгмийн хүмүүжил юм.
Гөлөг гурван сар хүртэлх хугацаанд дэлхий, орчинтойгоо танилцаж, хамгийн их мэдээлэл авдаг. Энэ үед “Эд нар надад эерэг хандаж байна, ямар ч асуудалгүй, тайван байх боломжтой юм байна” гэдэг ойлголтууд нь суудаг. Нохой өөрийнхөө дурсамжид амьдардаг амьтан. Өмнө нь юу тохиолдож байсан. Тэр нь өөрт нь таатай байсан уу, таагүй байсан уу гэдгээс хамааран тухайн цаг үед, тухайн газарт үйлдэл гаргадаг. Гөлөг байх хугацаанд нь зөв дадлууд суулгачихвал, цаашдынх нь хүмүүжилд сайн нөлөөтэй.
ТЭЖЭЭВЭР НОХОЙГОО НИЙГЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД ТОГТМОЛ ГАРГАЖ, САЛХИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Нохой тэжээдэг ч завгүй амьдралын хэв маягтай хүмүүс их байдаг. Нохойг гэрт ганцааранг нь удаан хугацаанд үлдээж явах нь нохойны зан төлөвт нөлөөлдөг үү?
-Гэртээ нохойг ганцаар үлдээх нь зан аашинд нь сөрөг нөлөөлнө. Нохой юу болно, юу болохгүй гэдгийг 100 хувь ойлгож, мэдэхгүй. Гэртээ ганцаараа байгаа нохой маш их стресстэнэ, ганцаардана. Ганцаардахаараа уйдаагаа гаргах гэж тоглож, гүйнэ. Ингэхдээ юм урж, тасална, энд тэнд хамаагүй бие засах зэрэг асуудлууд үүсдэг. Эхлээд гаднаас хүн орж ирэхэд, онгироод цоройдог, хуцдаг. Сүүлдээ гаднаас шинэ хүн орж ирэхэд, дайрах зэрэг асуудал үүсдэг. Нохой тэжээдэг хүмүүс хүнтэй харилцахгүй, хүн багатайд гаръя гээд хойшлуулаад байдаг. Тэгэх тусам тухайн нохойны зан төлөв эвдэрдэг. Анхнаас нь суурь хүмүүжлийг нь маш сайн тавих хэрэгтэй. Гурван сар хүртлээ тухайн нохойны суурь хүмүүжил маш сайн тавигдчихвал түүнээс хойш асуудалгүй.
-Анх нохой тэжээх гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Анх нохой авах гэж байгаа хүмүүсийн ихэнх нь судалгаа хийдэггүй. Ямар зорилгоор нохой тэжээх гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Гэр бүлийн чиглэлээр юм уу, яах гэж тэжээж байгаа зорилгоо гарга. Үүний дараа өөрт чинь ямар үүлдрийн нохой тохирохоо сонгох хэрэгтэй. Тэр дундаасаа судалгаа хийгээд, энэ нохойг тэжээе, манай байр, зай талбайд тохирох юм байна. Зан төлөв нь миний хүсэж байгаатай тохирох юм байна. Тэр дундаас сонголтоо хийх нь зөв. Нохой авсныхаа дараа судалгаа хийх биш, авахаасаа өмнө хийх судалгаа маш чухал. Тэгснээр та өөрт таалагдаж байгаа нохойгоо сонгоно.
Үүлдэр бүр өөр өөрийн зан төлөвтэй. Та өөрийн санхүү, боломж, байрны зай багтаамж тохирох болов уу, тэр нохойндоо хангалттай хугацаа зарцуулж, тоглож, хайрлаж чадах уу зэргийг сайтар бодож, судалж, төлөвлөж байж нохой авах хэрэгтэй. Тэгэхгүй энэ нохой гоё харагдаж байна, хөөрхөн юм гээд гаднах үзэмжээр нь ихэнх хүмүүс дүгнээд, авчихдаг. Дараа хаа хамаагүй хаядаг хүмүүс ч их байдаг. Үүлдрийнхээ судалгааг хийж, тэндээсээ сонгох нь хамгийн зөв сонголт.
-Амьтныг хайрлах сэтгэлгүй хүмүүс их байна. Энэ дэлхий дээр ганцаархнаа хүмүүс бид амьдарч байгаа юм биш. Өөр амьтад, ургамал амьдардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүгдийг хайрлах хамгийн эхний алхам бол гэрийн тэжээвэр амьтдыг хайрлах. Тэгж байж тэр хүнд хайрлах сэтгэл сууна. Амьтдыг хайрлаж чадахгүй, ойлгохгүй байгаа хүмүүс хажуу дахь хүнээ, гэр бүлээ, ирээдүйд хэн нэгнийг хайрладаг, нийгэмд энэрэнгүй хүн болно гэхэд хэцүү.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.