“Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг шуурхай томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй “Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан.
Ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.