“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривлах үеэр гэрээс нь 7,3 тэрбум төгрөг гарч ирсэн. Үүний дараа төмөр замтай холбоотой хээл хахуулийн асуудал олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл өнөөдөр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамтын талаар мэдээлэл өглөө.
Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “С.Батдөл хэргээ авлигын бус татвараас зайлсхийсэн болж харагдуулах гэж хичээж байна. Түүнтэй холбоотой асуудлыг тодорхой шалгах, олны хардлагыг арилгахын тулд УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт нарыг шалгах ёстой. М.Цогт бол С.Батдөлийн дарга нь. Д.Амарбаясгалан хүүгээ өөрийнхөө удирдлагад ажиллуулдаг. Д.Амарбаясгалан, М.Цогт, С.Батдөл дарга нар ачаа тээврийг, контейнерыг нь Д.Амарбаясгаланийн хүү нь зохицуулдаг. Энэ шударга бус зүйл.
Оны эцэст 34.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг замын захиргаанаас ажилчдад мэдэгдсэн. Тээврийн хөлснөөс илүү авлигад өгч буй мөнгөний хэмжээ нь хэд дахин их байгаа нь ийм алдагдал үүсэхэд нөлөөлсөн” гэлээ.