Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэж, эмнэлэгт хэвтэх магадлал нэмэгдэж байгаа гэсэн судалгааны дүн гарсан байна. Бид ихэвчлэн гадаад орчны агаарын бохирдолд анхаарал хандуулдаг. Гэтэл дотоод орчны бохирдол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг байна. Дотоод орчны бохирдлыг багасгахын тулд гэрээ дулаалах, үүдний амбаартай болох, орон сууцанд амьдардаг бол хаалга, цонхны рамаа дулаалах, агаар шүүгч байршуулах шаардлагатай юм. Бид энэ асуудлаар НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны эрдмийн шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
–Сүүлийн үед “Утаа амтагдаж, толгой эргэж байна. Утааны хордлого уу” гэх асуултууд нийгмийн сүлжээнд ихээр өрнөж байна. Иргэд яг утааны хордлого тусаад байна уу?
-Утааны хордлого гэж ярих нь буруу. Хордлого гэдэг нь хорт бодис маш өндөр тунгаар, нэг дор үүсэхийг хордлого гэж нэрлэнэ. Харин урт хугацааны нөлөөлөл нь архаг өвчлөл үүсгэдэг. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай.
Агаарын бохирдол нь биеийн дархлаа болон эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны хүчин зүйл юм. Хүн харах, үнэрлэх зэргээр агаарын бохирдуулагч бодисыг мэдэрдэг. Энэ нь тодорхой хэмжээгээр хүний эрүүл мэндэд урт болон богино хугацааны нөлөө үзүүлж байдаг. Манай судлаачдын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гадаад орчны агаарын чанар нь эмнэлэгт хэвтэх магадлалыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, PM 2.5 тоосонцор, азотын давхар ислийн агууламж 60 мг-аар нэмэгдэхэд, 2-3 хоногийн дараа астма болон бронхитын өвчлөлөөр эмнэлэгт хэвтэх магадлал нэмэгдэж байна. Мөн агаарын бохирдлын шалтгаанаар зүрх судасны өвчлөлөөр өвдөж, эмнэлэгт хэвтэх магадлал нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр судалгааны дүнгүүдээс харахад агаарын бохирдуулагчид нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн сүүлийн 20 гаруй жилийн судалгааг баталж байгаа юм.
АГААРЫН БОХИРДОЛ НЬ ХҮҮХДЭД АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ ҮҮСЭХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛДЭГ
-Утаанд хордсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Агаарын чанар муу байхад ханиалгах, найтаах, хамар загатнах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүхэрлэг хий, азотын давхар ислүүд үнэртэхээр хамрын салстад хөөнгө үүсгэж, хамар битүүрэх, нус гоожих зэрэг эхний шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь бохирдуулагч бодисуудын бие эрхтэнд цочрол үүсгэж байгаа нэг хэлбэр юм. Үүнээс цааш архаг хууч өвчтэй, зүрх судасны өвчтэй, уушгины бронхиттой хүмүүст цочрол өгч, өвчлөл дахих шалтгаан үүсгэж байна. Мөн бага насны хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөлийн халдвар үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
ТАМХИ ТАТАХ, ГАЛ ТҮЛЭХ, АВТОМАШИН ХАЛААХ, ХОГ ШАТААХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮД НЬ ТҮГЭЭМЭЛ БОХИРДУУЛАГЧИЙН ЭХ ҮҮСВЭР ЮМ
-Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?
-Өвчлөлд хүргэж байгаа нийт хүчин зүйлийн 50-70 хувь нь хүний өөрийн хийж хэвшсэн дадал байдаг. Орчныг бохирдуулагч хүчин зүйлс өвчлөлийн тодорхой хувийг эзэлж байна. Гэхдээ хувь хүн өдөр тутмын үйлдэл, дадлууддаа анхаарах хэрэгтэй. Хүмүүс зөвхөн нүдэнд харагдаж байгаа гадаад орчны бохирдлыг л ярьж, анхаарал хандуулдаг. Угтаа бид гэртээ ч агаарын бохирдолд өртөж байдаг.
Хүмүүс дараах байдлаар дотоод орчны бохирдолд өртдөг.
- Тамхи татах. Тамхи татах нь дотоод орчны агаарын чанарын хамгийн том эрсдэлт хүчин зүйл юм. Тамхины утаанд 7000 гаруй төрлийн химийн хорт бодис агуулагддаг. Гэртээ, ажлын байрандаа тамхи татаж байгаа тохиолдолд тэр хүн болон хамт байгаа хүмүүс агаарын бохирдолд өртөж байна гэсэн үг.
- Гэрт гал түлэх. Гал түлэх явцад зуух, яндангийн битүүмжлэл сайн, муу байх, гал түлэх дадал зөв, буруугаас хамаарч дотоод орчинд агаарын бохирдлын ялгарал үүсэж байдаг. Хамгийн аюултай нь сайжруулсан түлш түлсний дараа дутуу шаталтын үр дүнд үүсэж байгаа нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий. Угаарын хий нь хүнийг гэнэтийн нас баралтад хүргэдэг хорт хий. Хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй учраас мэдрэгддэггүй. Тиймээс угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд бүх зуух, яндангаа битүүмжлэх, яндангаа хөөлөх, гал түлэх давтамждаа анхаарч, галаа зөв түлэх, угаарын хийн мэдрэгчийг тогтмол ажиллуулах, ашиглах зайлшгүй шаардлагатай.
- Автомашины утаа. Автомашинаас ялгарч байгаа хорт хий машиныхаа явах эд ангийн тос, тосолгооны материалыг цаг хугацаанд сольж байгаа тохиолдолд харьцангуй буурна. Тос, тосолгооны материалаа солиогүй эсвэл хэт хуучин унаа тэрэг агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байдаг
- Хог, хаягдал ил шатаах. Хог хаягдлыг ил, задгай шатааж болохгүй. Хуванцартай, холимог хог шатаах нь гадаад орчинд бохирдуулагч химийн хортой бодисууд болон бүхэл тоос, тоосонцрыг маш ихээр ялгаруулдаг.
Эдгээр нь түгээмэл бохирдуулагчийн эх үүсвэр болдог.
АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ НЬ ДОТООД ОРЧНЫ БОХИРДЛЫГ 13-19 ХУВЬ БУУРУУЛДАГ
-Дотоод орчны бохирдлоос хэрхэн хамгаалах вэ?
-Хүн гадаад орчноос гадна дотоод орчинд амьдралынхаа 90 гаруй хувийг өнгөрүүлдэг. Бид унтаж байхдаа ч хүхэрлэг хий, тоосонцроор амьсгалж байдаг. Тиймээс гэр, ажил гээд дотоод орчноо маш сайн хамгаалах ёстой. Үүний тулд гэртээ болон ажлын байрандаа агаар шүүгч тавих нь дотоод орчны бохирдлыг 13-19 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа бий. Гэрт амьдардаг бол гэрээ сайн дулаалах, үүдний амбаартай болох, рам, цонхоо сайн дулаалах, агаар сэлгэлт хийхийн тулд цонхондоо шүүгч, фильтер байрлуулах шаардлагатай. Мөн өдөр тутмын үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, гүн нойр авч, эрүүл, зөв хооллож, дархлаагаа дэмжих нь утаа, агаарын бохирдлоос сэргийлэх бас нэг арга юм.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.