Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “IHC apes” баг NBA-ийн аварга Марио Чалмерсыг эгнээндээ нэгтгэхээр хөөцөлджээ. “М.Чалмерс “IHC apes”-т нэгдлээ, Монголын лигт тоглохоор боллоо” гэх мэдээлэл ч гараад амжсан. “IHC apes” багийн эзэн О.Мөнхжин түүнд сарын 40 мянган ам.доллар буюу 140 сая төгрөгийн цалингийн санал тавьжээ. Мөн аварга авбал нэмж 140 саяын бонус өгье гэсэн байна. Үүний сацуу “Шангрила”-д байрлуулж, хувийн жолооч, тогооч, туслах, автомашин гаргаж өгөх санал тавьсан байна.
М.Чалмерс эхэндээ 40 мянган ам.долларын цалин авах хүсэлтэй байж. Үүнийг нь өгье гэсний дараа цалингаа нэмэхийг хүсчээ. Үүний улмаас тухайн хэлэлцээр амжилтгүй болжээ.
Энэ талаар О.Мөнхжин “М.Чалчерс сарын 40 мянган ам.доллар авъя гэсэн. Би “Өгье” гэсэн. Хувийн жолооч, тогооч, туслахтай болгож, хамтран ажиллах байгууллагуудтай холбож өгье гэлээ. Илүү юм нэхээд байх юм. Илүүг өгөх боломж байсангүй. Тиймээс гэрээ хийсэнгүй. Ямба маяг нь дэндээд байвал мөнгөний гарз болох нь.
Супер Марио сэтгэлд минь л үлдэж дээ. NBA-ийн аварга тоглогч Монголд авч ирэх боломжгүй биш шүү. Монголын сагсн бөмбөг улам хөгжөөд, ашигтай ажилладаг бизнес болгож чадвал NBA тамирчид ирэх нь сонин биш.
Өөр олон ч тоглогчидтой холбогдоход асуудал байхгүй. Двайд Ховардыг сарын 70 мянган ам.доллар хавьд авч ирж болж байна. Арай л ахдаж байна” гэлээ.
36 настай Марио Чалмерс “Майами Хит” багт 2008-2015 онд тоглон, 2012, 2013 онд түрүүлж, аваргын цом өргөсөн. Тухайн жилүүдэд Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Крис Бош нарын хамтрагч, гарааны гол тоглогчдын нэг нь байсан. Тэрбээр дараа нь “Мемфис Гризлес”-т 2015-2016 онд, сүүлд Америкийн G лигийн “Sioux falls skyforce” багт тоглосон.