Сөүлд “House of Thomas” гэх нэртэй 72 метр квадрат, 30 хүний суудалтай цайны газар олон нийтийн сайшаалыг хүртэж байна. Энэ цайны газрыг 1993 онд үүсгэн байгуулсан ба тухайн үед санаачилсан Католик номлогчийн нэрээр нэрлэжээ.
Өдрийн 11 цагаас хойш гурван цагийн турш үйл ажиллагаагаа явуулдаг тус цайны газарт сайн дурын ажилчид өдөр бүр шинэхэн, шим тэжээлтэй хоол бэлтгэж, орон гэргүй болон ахмад настнуудад үйлчилдэг аж. Сайн дурын ажилчид зөвхөн хоол бэлтгээд зогсохгүй, тэдэнтэй яриа өрнүүлж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг талаар "Korea Times" онцолжээ.
Хэдий ихэнх хүмүүс хоол идэх гэж тус цайны газарт ирж байгаа ч зарим “ганцаардсан” настай иргэд зүгээр л хүмүүстэй ярилцах гэж ирдэг талаар сайн дурынхан хуваалцжээ. Тодруулбал, “House of Thomas”-д ирж үйлчлүүлдэг 70 орчим насны эр сэтгэгдлээ хуваалцахдаа “Бидэн шиг ганцаараа бас хөгшин настай хүмүүс байнга ийм гоё хоол идэж чаддаггүй ээ.Гэрийнхэн минь бүгд байхгүй болсон болохоор их ганцаарддаг. Гэхдээ энд ирэхэд л сайн дурынхан биднийг маш халуун дотноор угтан авдаг нь үнэхээр дулаан сэтгэгдэл төрүүлдэг” гэсэн байна. Өнөөдөр гэхэд л тэдэнд будаа, калбитан, гахайн хавирга, кимчи, шарсан зайдсаар үйлчилж байна. Уг цайны газар нь хандивын мөнгөөр санхүүждэг юм байна.
Эх сурвалж: KOREA TIMES