Сайд… Уг нь нөлөө бүхий, том албан тушаал. Гэвч өнөө цагт тухайн салбарын хөгжлийн саад болох хэмжээний аль л бүтэхгүй, шантаажны, боловсролгүй нөхдүүд “кран”-дуулж очдог албан тушаал болчихлоо. Боловсролтой, мэдлэгтэй нь бус хэн дээгүүр, доогуур сайн гүйж, хор найруулж, даргаа “долоож” чадсаны шан болж хувирлаа. Үүнийг олон, олон томилгоо, жишээнээс бэлхнээ харж болно. Оны өмнө л гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “цүнх баригч”-аа ХХАА-н дэд сайд болгосон нь олны бухимдлыг ихэд хүргэсэн. Уг нь дэд сайдын албан тушаалыг тухайн салбартаа танигдсан, туршлагатай, мэргэжлийн хүн хаших учиртай. Гэтэл нөлөө бүхий артай, танил талтай, мэргэжлийн бус хэн ч хийх болсон нь энэ.
Энэ шүүмжлэл намжаагүй байхад сайд, дэд сайдын томилгоо энэ албан тушаал хэрхэн үнэгүйдсэнийг, “амьгүй албатууд”-ын шагнал болсныг дахиад харууллаа. Сайд болсон хүн нь өөрөө тухайн салбарынхаа “шүдний өвчин”, хөгжлийн гацаа болдгийг ч харж болохоор байна.
"10 ХУВИЙН ДАВААСҮРЭН" "БАРЬЦ"-НДАА ХҮРЛЭЭ
“10 хувийн Даваасүрэн” гэж нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн юм болгоныг шахам уйгагүй эсэргүүцэж, айлгасныхаа хүчинд Барилга хот, хөгжлийн сайд боллоо. Тэрбээр төрийн ажил бүтээж өгөөд 10 хувь авдаг “жишиг”-ийг сангийн сайд байхдаа анх бий болгосон гэж яригддаг. МАН-аас хөөгдсөн, буцаад намдаа элссэн, УИХ-д бие даан нэр дэвшсэн гээд түүний улс төрийн замнал дардан, цэвэр бус.
Ц.Даваасүрэн өөрийн санасандаа хүрэх, хүссэн албан тушаалд очихын тулд хамгийн эсэргүүцэгч нэгэн байсаар ирсэн. Олонд таалагдах, күүл гэж харагдах бүхий л зүйл дээр дуугарч, эх оронч харагдахыг эрмэлзэж байсан. Гэхдээ шударга бусын эсрэг, эх орныоо төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө дуугардаг гэж түүнийг шүүмжлэх хүн олон. Энэ шүүмжлэл үнэний ортой, Ц.Даваасүрэнгийн үг, үйлдэл хэрхэн зөрдгийг сайд болсноос нь харж болно. Давхар дээлийг хамгийн их эсэргүүцсээр ирсэн тэрбээр өөрөө сайд болчихлоо. Б.Жавхлан сайдыг огцруулахыг шаардан, албан тушаалаас нь буулгахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж сүрдүүлж байсан атлаа одоо өөрөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллахаар боллоо, Б.Жавхлан сайдтай хамт.
Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Даваасүрэн бол цэвэр шантаажчин” гэж шулуухан хэлсэн. Харин Ц.Даваасүрэн сайд болохдоо “Ерөнхий сайд надад сайдын албан тушаал санал болгоод “Та хойшоо суувал хэн хийх юм бэ” гэхэд нь хэлэх үг олдоогүй” гэлээ. Үнэндээ сайд болохыг, 10 хувиа Барилгын салбарт “цэцэглүүлэх”-ийг хамгийн их хүссэн хүн нь тэр өөрөө.
Дэд сайдын томилгоонуудаас Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд болгосон нь олны анхаарлыг их татаж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшиж байсан тэрбээр МАН-д нэлээд артай, нөлөөтэй болж чадсан бололтой. Ж.Эрхэмбаатар Хөгжлийн банкны дэд захирал болохдоо “Ланд круйзер-200” унана, өөрийнхөө жолоочийг авна” гэж томорч, ямбалсан гэдэг. Мөн цөөнгүй ажилчдыг хууль бусаар халж, “Хэрэг үүрүүлнэ” хэмээн дарамталсан гэгддэг.
Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтээр “хусуулсан” түүнд энэ удаа дэд сайдын суудал бэлэглэлээ.
УТААНЫ АСУУДЛААР "ХӨӨГДСӨН" М.ГАНБААТАР ДЭД САЙД БОЛООД ЭРГЭЭД ИРЛЭЭ
Улаанбаатарт утаа нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Нийслэл утаандаа дарлуулж, “Үхлийн хөндий” гэж нэрлэгдэх болж, нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Шахмал түлшинд хэчнээн хүн хордож, угаартсаны улмаас нас барсан билээ дээ.
Утаатай чухам л тэмцэж, арилгана гэж байгаад “Тавантолгой түлш” компаниас “хөөгдөх” шахам гүйцэтгэх захирлын албан тушаалаас буусан М.Ганбаатар хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэрбээр ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй, харин ч бүр БОАЖ-ын дэд сайд болоод буцаад ирлээ. Саяхан М.Ганбаатар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй хамт онгоцны буудал дээр яваа зураг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн үед “Хатан ижий” “Энэ хүнийг анх удаа л харж байна, танихгүй” гэж байв. Д.Сарангэрэл гишүүнийг БОАЖЯ-ыг атгадаг, том нөлөөтэй гэж яригддаг. Энэ удаа түүний “татаас”-аар М.Ганбаатар дэд сайд болсон байх магадлалтай. Дэд сайд, төрийн нарийн бичгийн даргатайгаа таарахгүй байсаар сайдын албан тушаалаас буусан Н.Уртнасан ч Д.Сарангэрэлийн томилгоо байсан.
“ОГЦОР” ГЭЖ ОЛОН УДАА ШААРДУУЛСАН С.ЭНХБОЛД ДЭД САЙД БОЛЖ ҮЛДЛЭЭ
“Би тэглээ, ингэлээ” гэж хийснээ сайрхаж, попорсноороо тухайн сайд сайн ажиллаж байна гэсэн үг биш. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нараас хамгийн анир чимээгүй явсаар ирсэн нь С.Энхболд. Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн оны нэгдүгээр сард томилогдсон түүнийг манлайлагч бус, “амьгүй албат”, “Утсан хүүхэлдэй” гэх мэт олон шүүмжлэл дагадаг. Коронавирусийн халдвартай, цар тахалтай хүнд цаг үед тэрбээр Эрүүл мэндийг салбарыг удирдсан. Огцрохыг хамгийн олон удаа шаардуулсан, ийм эсэргүүцэлтэй нүүр тулсан сайдуудын нэг нь тэр.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа сэлгэхдээ түүнийг өмнө нь авч үлдсэн. Энэ удаа УИХ-ын гишүүн С.Чинзоригоор солилоо. Гэхдээ С.Энхболдыг шууд явуулсангүй, дэд сайдаар авч үлдлээ.
Г.ТҮВДЭНДОРЖ ЖИЛИЙН ДАРАА ӨӨР ЯАМНЫ ДЭД САЙД БОЛОВ
Дэд сайдын албан тушаал хэрхэн үнэгүйдсэнийг, цэцгэн дээр суугаад нисэх эрвээхэйн адил хэн хүссэн нь сэлгээд явдаг албан тушаал болсныг Г.Түвдэндоржийн томилгоо харууллаа. Тэрбээр ганцхан жилийн өмнө БОАЖ-ын дэд сайдаар томилогдож байв. Гэтэл одоо Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болж, суудал сэлгэлээ. Өмнөх яамны ажилтайгаа танилцаж амжаагүй шахам байхад дараагийн яам руу нь “шидчихлээ”.
Энэ мэт томилгоонуудаас харахад дэд сайдын албан тушаал Монголын төрд хэр нэмэртэй, яаманд хэр үүрэг, рольтой байдаг вэ. Яг мэргэжлийн, боловсролтой, туршлагатай, чадвартай хүмүүс энэ албан тушаалыг хашиж байна уу гэж хаана, хаанаа эргэлзэхэд хүрлээ.
Хүн амын талаас илүү хувь амьдардаг Улаанбаатар хотод л гэхэд өнөөдөр утаа, агаарын бохирдоос, ханиад томуугаас авхуулаад тулгамдсан асуудал хэчнээн олон байгаа билээ. Цөөнгүй аймаг зудын хэмжээнд хүрч, хаана хаана зутарч байхад сайдуудыг өөрчилж, сандал ширээг нь солихоос өөр хийж байгаа зүйл Монголын төрд алга. Үүнээс чухал ажил, цаг үеийн асуудал бишгүй их бий, уг нь. Үнэгүйдсэн дэд сайдын албан тушаалыг улам үнэгүйдүүлэх зүйлээ Монголын төр хийсээр, мэргэжлийн бус хүмүүсийн томилгоо харуулсаар. Цар тахлын үеийн хэмнэлтийн хуулиар агентлагийн дэд даргын албан тушаалыг байхгүй болгосон. Үүний адил дэд сайдын албан тушаал Монголын төрд нэмэртэй, тухайн салбартай хэрэгтэй эсэхийг эргэж харах, тунгаан бодох цаг нэгэнт болжээ.