УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Ганболд, Т.Доржханд нар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Сонсголд хууль хүчний байгууллагуудыг бүгдийг нь байлцуулъя гэж байгаа. Мөн хэрэгт холбогдчихоод байгаа нэр бүхий 17 хүнийг бүгдийг нь оролцуулья гэх олон нийтийн саналууд байна. Өнөөдөр хамгийн их мэдэлэлтэй байгаа хүн бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг. Тиймээс энэ хүнийг сонсголд авч ирж оролцуулах чиглэлд Ажлын хэсэг ярилцаж байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Иргэд эрх баригчдын сонсоод яах юм, хэдэн тоо л хэлнэ. Түүний оронд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг оролцуулбал сонсгол илүү бодитой болно гэх саналыг ирүүлсэн" гэв.
Маргаашийн нээлттэй сонсголоор:
- ЗГХЭГ-аас нүүрсний үнийн зөрүүтэй байдал, зах зээл дээрх ханш зэргийн талаар мэдээлэл өгнө.
- Тавантолгой компанид тавигдсан бүрэн эрхт төлөөлөгч нар оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
- Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өртөг, үнийн дүнгийн талаар мэдээллийг албаныхан хүргэнэ.
- 2013 оноос хойш хууль хяналтын байгуулага дээр шалгагдаж буй болон хэрэгсэхгүй болсон нүүрсний хулгайн хэрэг, түүнд холбоотой улс төрчдийн талаар мэдээллийг танилцуулна
- 2013 оноос хойш хийгдсэн шалгалтуудын талаар ГЕГ-аас мэдээлэл өгнө.