Хөлбөмбөгийн ертөнцөд сүүлийн хэдэн жил Криштиану Роналду, Лионел Месси хоёр өнгөлж, энэ спортын гайхамшгийг мэдрүүлсээр байгаа билээ. Үнэндээ тэдэнгүй тоглолт давсгүй хоол шиг л байдаг. Энэ хоёр агуу тоглогчийн тоглолтыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс сая, сая хөгжөөн дэмжигч зорин ирдэг. Өнөө жил хоёулаа сүүлийн дэлхийн аваргадаа өрсөлдлөө, гунигтай л байна. Тэднээс харин Месси дэлхийн аварга болж, домог болон үлдлээ.
Тэдний амжилтыг хэн үргэлжлүүлэх, бид хэнээс хөлбөмбөгийн спортын гайхамшгийг мэдрэх вэ гэдэг асуултын хариулт нэгэнт тодорхой боллоо. Энэ тоглогч бол Килиан Мбаппе. 23-хан настай тэрбээр энэ жилийн ДАШТ-ий финалд өөрийгөө хэн гэдгээ, хэний хэмжээнд хүрснээ дахин нотлон харууллаа. Финалд гурван гоол оруулж, багаа чирлээ. Хоёр ДАШТ-д дараалан нэгээс олон гоол оруулсан анхны тоглогч ч болов. 1996 оноос хойш финалын тоглолтод хет-трик хийсэн анхны хөлбөмөгчин ч болж чадлаа.
Тэр Месситэй ач тач өрсөлдлөө. Хуучин, шинэ хоёр цаг үеийн төлөөллийн дуэль боллоо.
Дараагийн арванд хөлбөмбөгийн өнгийг тодорхойлох, домог болох хэмжээний тоглогч гэж үнэлэгдэж буй Киллиан Мбаппе гэж хэн бэ?
Тэрбээр 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд Франц улсын Парис хотод мэндэлсэн. Түүний аав Камерун, ээж нь Алжир гаралтай. Аав нь хөлбөмбөгийн дасгалжуулагч, ээж нь гандболын тамирчин. Мбаппе эхээс гурвуулаа, нэг ах, нэг дүүтэй. Мбаппег хөлбөмбөгчин болоход аав нь их нөлөөлжээ.
Тэрбэрээ багаасаа хөлбөмбөгийн спортод хорхойсон, Криштиану Роналдуг биширч өссөн хүүхэд. Мэдээж хүүхэд бүрийн адилаар шүтэн биширдэг тоглогчтойгоо уулзахыг мөрөөддөг байж. 13 настайд нь түүний мөрөөдөл биелж, Роналдутай уулзан, хамт зургаа авхуулсан нь энэ.
Мбаппегийн аав Камерун тул улсынхаа шигшээд хүүгээ тоглуулах хүсэлтэй байжээ. Гэтэл Камеруны хөлбөмбөгийн холбоо Мбаппегаас авлига нэхсэн гэх Тиймээс тэрбээр тоглоогүй. Хэрвээ Мбаппе Францын шигшээд бус Камерунд тоглосон түүний карьер хэрхэн үргэжлэх байсныг төсөөлөхийн аргагүй.
Мбаппе хөлбөмбөгчний карьераа “Монако” клубээс эхлүүлсэн. 17 настайдаа гараанд гарч, багаасаа л гялалзсан тоглогч. Тэр “Монако”-гийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан амжилтын эзэн. 2016-2017 оны улиралд “Монако”-гийн хамт Францын аварга болж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарчээ. Тухайн улиралд Мбаппе 26 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгсөн юм.
Мбаппе гялалзсаар. Энэ хэрээр дэлхийн томоохон багуудын анхаарлыг татсаар. “Одоо аль багт очих бол” гэсэн асуулт олны анхаарлыг татаж байв. Олон баг түүний араас хөөцөлдсөн. Тэдгээрийн дундаас “Пари Сен-Жермен” баг санасандаа хүрч, 180 сая еврогоор түүнийг тоглогчоо болголоо. Ингэснээр Мбаппе дэлхийн хоёр дахь үнэтэй хөлбөмбөгчин болсон юм. Одоо тэр багтаа Месси, Нэймар нарын домгуудтай хамт тоглон, амжилтын төлөө хамтдаа зүтгэж буй.
Мбаппе Францын шигшээгийн хамт 2018 оны ДАШТ-д түрүүлсэн. 19-хэн настайдаа дэлхийн аваргын финалд хоёр гоол оруулж, багаа хожиход том тус хүргэсэн. Улмаар ДАШТ-ий шилдэг залуу тамирчнаар тодорсон юм. Мбаппе гэдэг нэр дэлхийд тамгалагдахын, од тоглогч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн эхлэл нь тэр байлаа.
Энэ жилийн ДАШТ-д тэрбээр найман гоол оруулж, мэргэн буучаар тодорсон. Ингэснээр тэрбээр нийт 13 гоолтой болж, дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучдын тавдугаарт бичигдэж эхэллээ. Дөнгөж 23-хан насандаа ийм амжилтад хүрсэн гэхээр дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болох боломж түүнд бий.
Мбаппе инстаграм дээрээ 82.5 сая дагагчтай. Сайн үйлсийн аян, үйл ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцдог. Амьтан хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг үргэлж уриалдаг нэгэн. Тэрбээр хоёр ч панданы загалмайлсан эцэг.
2018 онд дэлхийн аварга болсныхоо дараа хүүхдийн санд 380 мянган евро хандивласан. Мөн 2020 онд “Inspired by Kylian Mbappe” нэртэй өөрийн нэрэмжит сангаа байгуулж, хүүхдүүдэд тусалж эхэлсэн юм.
Мбаппе элдэв асуудалд орооцолддоггүй, хүмүүжил сайтай тоглогч. Одоогоор ганц бие. Роуз Бертмар гэх бүсгүйтэй үерхдэг тухай мэдээлэл “The Sun” дээр гарсныг, трансжендер модел Инэс Раустай үерхэж байгаа гэх мэдээлэл тархсаныг эс тооцвол шүү дээ.
Сүүлийн хэдэн жилд “Роналду, Месси хоёрын хэн нь илүү вэ” гэж ярьж, мэтгэлцсээр ирсэн. Дараагийн арванд “Мбаппе бүх үеийн шилдэг болж чадах уу” гэсэн асуултын хариулт биднийг хүлээж байж ч мэднэ.