Дэлхийн улс орнууд өөр өөрийн гэсэн хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд ч хүүхдийн 20 мянган төгрөг, Цалинтай ээж зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэвч Цалинтай ээж хөтөлбөр л гэхэд сард 50 мянган төгрөг байдаг. Энэ нь ээжүүд хүүхдийнхээ живх худалдаж авахад ч хүрэлцдэггүй гэх шүүмжлэл гарч байна. Тэгвэл дэлхийн бусад улс орнууд ээжүүдэд олгох тэтгэмжээ нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Өмнөд Солонгост төрөлт хамгийн доод түвшин буюу 0.79 хүрсний улмаас төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, шинэ төрсөн ээжид олгох тэтгэмжээ нэмэгдүүлэхээр болжээ. 0-1 насны хүүхэдтэй ээжид 300 мянган вон олгодог байсан бол ирэх 2 жилд шатлалтайгаар 2-3 дахин өсгөхөөр болсон байна.
Төрөлтийн түвшин буюу Total Fertility Rate нь нэг эмэгтэйн дунджаар төрүүлж байгаа хүүхдийн тоо юм. Сүүлийн хэдэн арван жилд төрөлтийн түвшин дэлхий даяар хурдацтай буурч байна. 1950 онд 1 эмэгтэй дунджаар 5 хүүхэд төрүүлж байсан бол түүнээс хойш төрөлтийн түвшин 2 дахин багасжээ.
2020 онд дэлхийн хэмжээнд нэг эмэгтэйд 2.4 төрөлт ногдож байна.
Манай улсад энэ үзүүлэлт ойролцоогоор 2.8 бол БНХАУ-д 1.7, АНУ-д 1.6, ОХУ-д 1.5, Японд 1.3 байна.
Манай улсад төрөлтийн түвшин:
1980 онд 6.4
1990 онд 4.5
2000 онд 2.2
2010 онд 2.4
2021 онд 2.8 байна.
Төрөлт одоо байгаа түвшнээсээ дээшлэхгүй, улс орнуудад буурсаар байвал 30 орчим жилийн дараа Европ, Хойд Америкийн 4 хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай байх төлөвтэй гэсэн судалгаа бий. Хүн амын өсөлт зогсож, төрөлтийн тоо буурсан хэвээр байвал насжилт нэмэгдэж, ажиллах хүчин хумигдана. Ингэснээр эдийн засгийн өсөлт буурч, нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлууд ар араасаа ундарч гарч ирэх эрсдэлтэй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.