Твиттер CNN, NY Times, Washington Post зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлчдийн хаягийг ямар ч тайлбаргүйгээр хаасан нь шинэ эзэн Элон Маск уг платформ дээрх эрх мэдлээ хэт явцуу ашиглаж байна гэж дээрх хэвлэлүүд бичихэд хүргэсэн байна.
Тодруулбал, CNN-ийн Дони О’Салливан, The New York Times-ын Райан Мак, The Washington Post-ын Дрю Харвелл болон сүүлийн долоо хоногт Маскийн талаар шүүмжилсэн өнгө аястай мэдээлсэн бусад сэтгүүлчдийн хаягийг хаажээ. Үүнд мөн бие даасан, хандалт ихтэй сэтгүүлчид ч багтаж байна.
Маск болон Твиттерийн аль нь ч энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд сэтгүүлчдийг яагаад noплатформоосоо гаргасан талаар нарийн тайлбарлаагүй. Э.Маск дээрх хаягууд өөрийнх нь байршлыг олон нийтэд мэдээлж байсан нь зохисгүй үйлдэл гэж буруутгасан.
Харин CNN-ий сэтгүүлч Дони О’Салливан сүүлийн үед Твиттертэй өрсөлдөж байгаа Mastodon-ы хаягийг Твиттер хаасан тухай өөрийнхөө хаягийг хаалгахаасаа өмнө жиргэсэн юм. Учир нь Mastodon дээр @ElonJet хэмээх Элон Маскийн хувийн онгоцын байршлын талаар байнга мэдээлэл оруулдаг хаяг байсан байна. Бусад сэтгүүлчдийн хувьд энэ талаар жиргэсэн учраас хаягаа хаалгуулжээ.
CNN болон бусад хэвлэлийнхэн, сэтгүүлчид эдгээр мэдээлэл нь цахим сүлжээнд нээлттэй байсан мэдээлэл болохоос Элон Маскийн гэрийн хаяг, хувийн мэдээлэл биш байсан хэмээн тайлбар өгсөн. Энэ үйл явдал зөвхөн дээрх сэтгүүлчдээр хязгаарлагдахгүй, Элон Маскийн зарчмын асуудлыг олон нийтийн сүлжээнд хөндөж байна. Тэрээр анх Твиттерийг худалдаж авахдаа хэний ч үг хэлэх эрхийг хүндэтгэх ёстой гэж хэлчихээд эргээд сэтгүүлчдийн хаягийг хааж байгаа нь Твиттерийг тойрсон ээлжит асуудлыг нэмж байгаа юм.
SOURCE: CNN