Иран улс тайван жагсаал цуглааныг таслан зогсоож, эмэгтэйчүүд, охидыг дарангуйлагч, ялгаварлан гадуурхсан бодлого явуулж байгаа тул НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас лхагва гаригт санал хураалт явууллаа. “Махса Амини зүгээр л хичээлдээ явахыг хүссэн. Тэр гэр бүл зохиохыг хүссэн. Тэр хэвийн, аз жаргалтай амьдрахыг хүссэн. Тэр зүгээр л оюутан байсан. Харин одоо бол нас барсан хүн” гэж НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд 22 настай Иран бүсгүйг тус улсын ёс суртахууны цагдаа нар есдүгээр сард баривчилж, саатуулагдаж байхдаа нас барсан хэргийн талаар хэллээ.
Түүний тухай Томас-Гринфилд "Махса Амини зөвхөн эмэгтэй хүн байсан хэргээр алагдсаныг бид мэднэ.Удаан хугацааны туршид энэ нь Иранд тийм ч хэвийн бус зүйл биш байсан" гэсэн байна. Ираныг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас гаргах уг санал хураалтад 16 улс түдгэлзсэн юм. Ийнхүү 54 гишүүнтэй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл 2026 онд дуусгавар болох Эмэгтэйчүүдийн байдлын комиссын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд Ираныг оролцуулахгүй болжээ.
Энэ комисс нь жил бүрийн гуравдугаар сард хоёр долоо хоногийн хугацаанд эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хэлэлцдэг билээ. Иранд сүүлийн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн жагсаалын үеэр дор хаяж 350 жагсагч амиа алдсаны 60 нь хүүхэд байсан. Мөн 14,000 жагсагчийг баривчилж, энэ сард хоёр эрэгтэй жагсагчийг цаазалсан байна.
SOURCE: VOA