Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
“Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгоё, хариуцлага тооцъё” жагсаал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэх ажлын хэсэг байгуулагдаж, эхнээсээ янз бүрийн тоон мэдээлэл цацагдаж, өчигдөр 17 хүний нэр зарлалаа. Хулгай хийх боломж нь тийм нээлттэй байна уу. Нүүрсний хулгай гэж ямар процессыг хэлж байна вэ?
Нүүрстэй холбогдсон хүн бүрийг, нүүрстэй холбоотой үйл ажиллагаа бүрийг хулгай, луйвар гэж харж болохгүй. Бид хүссэн хүсээгүй дэлхийд өөрсдийн баялгийг борлуулах байдлаар мөнгө олж байна. Нүүрсний бизнес хийж байгаа компаниудтай холбоотой асуудлаа түр ялгаад, харин энэ компаниудад оролцоотой байгаа улс төрчид юм уу эсвэл төрийн өмчит компаниудад үүрлээд байгаа далд, нууц аргаар идэж ууж байгаа хэсгийг хулгай гэж харахаас өөр аргагүй. Энэ хоёрын зааг ялгааг гаргахгүй бол ямар нэгэн байдлаар нүүрстэй холбогдсон бүх хүнээ хулгайч гэж хардаад, нүүрсний бизнес гацах байдал үүсвэл бид дэлхийд өрсөлдөх чадвар нь дотоод үл ойлголцлоос шалтгаалан удааширвал дахиад л Монголын олох доллар нь багасна. Цагдаа, эмч, багш зэрэг нийгмийн салбарт зардаг мөнгө дахиад алга болно. Нэгдүгээрт, үүнийгээ тооцоолох ёстой.
Хоёрдугаарт, нүүрсний хулгай ихэвчлэн хаана гараад байна вэ гэдэг нь төрийн өмчит компаниудад улс төрчдийн гар хөл, цүнх баригч бүтэн арми очиж, дараагийн сонгуулийн мөнгө босгож, өмнөх сонгуулийн зардлаа нөхдөг хулгай байгаа нь тодорхой боллоо. Ганц нүүрс ч биш зэс, мөнгө дээр ч байна. Төрд очсон бүх уул уурхайн бизнес дээр угшиж байгаа юм байна.
Мөн нүүрсээр барьцаалаад, бүтээн байгуулалт хийнэ гэдэг оффтейк гэрээ. Үүний ард төрийн нууцад авч байгаад их хэмжээний мөнгө угаалт, авлига, хулгай явж байгаа гэдэг нь ил тод болчихлоо.
ОФФТЕЙК ГЭРЭЭ УЛС ТӨРЧДИЙН ХУВИЙН ТОХИРОО БОЛЖ ХУВИРЛАА
Эдгээр томоохон бүтээн байгуулалтын төртэй хийж байгаа гэрээг заавал нууц болгох шаардлагатай юу. Олон улсад ийм том бүтээн байгуулалтын гэрээг ямар зүйл заалтаар хийдэг вэ?
Олон улсад том хэмжээний бүтээн байгуулалтын гэрээг аль болох ил тод байлгахыг зорьдог. Олон нийтийн хяналтад, олон нийтийн оролцоотой ил тодоор явагдахыг шаардаж байгаа. Манай улсад л төрийн нууцад хамаарсан. Үүний ард заль байгаа нь ойлгомжтой.
Оффтейк гэрээ гэдэг нь ямар нэгэн үйлчилгээ үзүүлээд, түүнийхээ төлбөрийг бараа, бүтээгдэхүүнээр авах гэж оролдож байгаа худалдаа наймааны нэг хэлбэр. Монголчууд нүүрсээ борлуулна. Гэхдээ миний нүүрсийн чи авах учир авах мөнгөө урьдчилаад энэ бүтээн байгуулалт руу хийчих гэдэг байдлаар оффтейк гэрээ хийх гэж оролдож байна. Дэлхийд байдаг л нөхцөл. Энэ нь бизнесийн зарчим, олон улсын стандартаараа биш. Зүгээр л улс төрчдийн хувийн тохироо. Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо, хувийн улс төрийн карьердаа ашиглах гэж оролдож байгаа хүмүүсийн гэрээ хэлцэл болоод хувирхаараа асуудал үүсэж байна.
Төрийн нууцад оруулсан нь оффтейк гэрээтэй холбоотой биш. Төмөр замыг танк орж ирнэ гэдэг ч юм уу, үндэсний аюулгүй байдалд чухал бүтээн байгуулалтыг цэрэг армиар бариулна гэдэг нэрийн дор халхавчлаад, төрийн нууцад оруулчихаад, бодит байдал дээр цэрэг армиараа биш нэг хувийн компаниар бариулдаг. Бүр банкаар бариулдаг. Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага болохоос төмөр зам бариад сууж байдаг газар биш. Энэ нь хэвийн эрүүл нийгэмд бол байж боломгүй, гаж байдлаар хийгдсэн учраас ард нь хүссэн хүсээгүй хулгай авилга үүрлэх нь тодорхой.
Яагаад банкаар бариулсан бэ гэж асуухаар энэ том бүтээн байгуулалтыг санхүүгийн хувьд тогтвортой компани л авч явахгүй бол боломжгүй гэж тайлбарладаг.
Нүүрсний нийлүүлэлт тогтвортой байвал тэнд санхүүгийн тогтвортой байдал ямар ч шаардлагагүй. Төмөр замыг илүү мэргэжлийн төвшинд , өртөг багатай, шударга байдлаар хийж болох бүтээн байгуулалт хийх ёстой. Манайд хавтгайрсан нэг гажиг бол банк бүх бизнес рүү ордгийг нүдэн балай явж байгаад сүүлдээ төр нь албан ёсоор бэхжүүлэх гэж оролдсон. Нэг удаа нэг банк Эрдэнэтийг худалдаж авах гэж оролдсон. Нэг удаа төмөр зам хийх гэж оролдлоо. Хоёулаа ардаа авлигыг сүүдэр мэт дагууллаа. Энэ өөрөө болохгүй байгаагийн хамгийн тод жишээ мөн.
“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ЭРХ МЭДЭЛ ТӨВЛӨРҮҮЛЖ, АВЛИГА АВДАГ”
Бодь интернейшнлийн гүйцэтгэж байгаа Тавантолгой Гашуун сухайтын 260 км төмөр замыг өөрчлөгдсөн дүнгээр 1.3 тэрбум орчим доллар… Энэ нь одоогийн ханшаар 4.3 их наяд төгрөг гээд тооцоод үзэхээр нэг км төмөр замыг 16 тэрбум төгрөгөөр барьж байгаа дүн байна. Оффтейк гэрээнээс хохирсон хохирол нь 187 тэрбум төгрөгөөр одоогийн байдлаар хохирсон байна гэж ЗГХЭГ-ын дарга хэлсэн. Энэ тоонуудыг юу гэж ойлгож байна вэ?
Сая Ханги Мандалын чиглэлд төмөр зам шинээр барьж байна. Тэр төмөр зам хийж байгаа өртөг, саяын нууцалсан өртөг хоёрыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Өмнө нь тэнд өчнөөн их доллар Чингис бондоос зарж, даланг нь босгосон. Босгосон далан дээр явж байгаа төмөр зам арай хямдхан байх ёстой. Гэтэл даланг нь тавьж, төмөр замыг нь тавьж байгаа тэр төмөр замаас харахад, 5-10 дахин том зөрүү гарч ирж байна. Энэ нь ардаа ямар нэгэн байдлаар сүүдэртэй буюу хар тал байна гэдгийг харуулж байна. Нууцалж байгаа шалтгаан нь сүүдрээ хүмүүст харуулахгүй байх л зорилготой. Санхүүгийн мэргэжилтнүүд хяналт, шалгалт оруулахад тоонууд нь улам нарийсаж, илүү тодорхой болох байх. Шийдсэн зарчмын хувьд яах аргагүй буруу байна. Нэгдүгээрт, огт төмөр замтай холбоогүй, туршлагагүй компанид ямар нэгэн тендергүйгээр олгосон нь асуудал. Хамгийн том аюул нь тэнд хийгдэж байгаа гэрээ хэлцэлээ нууцад аваад, хаачихсан. Энэ шийдвэрүүдийг гаргахын тулд юу хийж байсан бэ гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдэл төвлөрүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэсэн нэрийн дор шүүгч нарыг шүүдэг, бүх хуулийн байгууллагуудыг айлгадаг, УИХ-д үүрэг, даалгавар өгдөг болж хувирсан. Үүний ард зөв зүйл явахгүй. Авлига угаасаа л ийм байдаг. Хууль ёсоор төрийн үйл ажиллагаа эрүүл явахгүй, гажаад эхэлбэл ард нь ямар нэгэн сүүдэр буюу авлига байна.
Үндсэн хуулийн дагууд Монгол улсын Ерөнхийлөгч төмөр зам барьж болохгүй. Энэ нь ард түмний эв нэгдлийн баталгаа болох ёстой болохоос Засгийн газрын урдуур орж, Ерөнхий сайдын ажил хийгээд, бүтээн байгуулалт хийхгүй. Хувийн хэвшлийн урдуур орж, Ерөнхийлөгчийн төвшинд ийм ажил авч хийнэ гэдэг нь ашиг сонирхлын маш том зөрчилтэйг илтгэнэ.
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРЛАСАН НЭРС ДУТУУ БАЙНА”
Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэрийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбойтойгоор, шалгаж байгаа гэж зарлалаа. Энэ хэр бодитой нэрс вэ. Зарим хүмүүс том хулгайчдыг зарласангүй гэж шүүмжилж байна.
Олны дунд шүүмжилдэг хүмүүс байна. Тэр хүмүүс байх ёстой гэх мэдээлэл их тархаж байна. УИХ-ын чуулганаар хүртэл нэг нэгнээ цоллох хэмжээнд нүүрсний хулгайд оролцсон гэдэг нь тодорхой болсон. Зарим хүмүүсийн нэр ч байхгүй байна. Шүүхээр дахиад шалгана гэж найдаж байна.
Авлигыг анзаарч, харахад олон шинж байдаг. Түүний хамгийн чухал шинж нь явах ёстой замаасаа өөх зүйл хийж байгаа төрийн үйл ажиллагаанд авлига байна. Эсвэл авлигичид “Шинэ ноён цээж өвчтэй” гэдэг шиг эх үүсвэр нь тодорхойгүй гэнэт баян нөхдүүд гарч ирээд, тонгочоод эхэлбэл тэнд бас авлигын сүүдэр байдаг.
ТАВАНТОЛГОЙГ НУРААСАН ШАЛТГААН НЬ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХААНААС МӨНГӨ БОСГОХ ВЭ ГЭДЭГ УЛС ТӨРЧДИЙН ЗОДООН БАЙСАН
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын даргаар нь ажиллаж байсан УИХ-ын дарга асан Энхболдыг Тавантолгойг авч үлдсэн гавьяатай гэсэн яриа байдаг. Эргэн сануулбал, яаж авч үлдэж байсан бэ?
Тавантолгойг авч үлдсэн гэдэг нь худлаа. Тавантолгойг олон улсын бизнесийнх нь дүрмээр, нээлттэй компаниудын зарчмаар олборлуулах гэж бодож, төлөвлөсөн Засгийн газраас төлөвлөсөн төлсийг УИХ-д орж ирээд, хэлэлцээгүй байхад, УИХ-ыг төлөөлөх ёсгүй УИХ-ын дарга нь үүнийг би хэлэлцэхгүй гэж хэлсэн. Үндсэндээ энэ Тавантолгойд бизнесийн бүлгийн зодоон явж байгаа юм. Улс орны тухай бодож байгаа зүйл байхгүй. Тэгж зарласныхаа дараа ажлын хэсэг байгуулж байна гэсэн. Ажлын хэсгийг хариуцаж байгаа байнгын хороо хэлэлцэж байгуулах ёстой болохоос, УИХ-ын дарга нь “Энэ хүмүүсийг оруулна” гэж болохгүй. Нөгөөдүүл нь “Тавантолгойн төслийг унагаалаа. Энд Оросын эрх ашиг хөндөгдсөн” гээд ил цагаан хэвлэлээр ярьсан. Энэ бүхэн эцсийн дүндээ нүүрсний өрсөлдөөнд хэнйий төлөө зүтгэв. Монголынх уу, Оросынх уу гэдэг байр суурьт Тавантолгой нурж унаж байсан. Яг үнэндээ Тавантолгойг нурааж байгаа шалтгаан нь дараагийн сонгуульд хаанаас мөнгө босгох вэ гэдэг улс төрчдийн зодоон байсан байна. Тэр үед УИХ яагаад ажиллах ёстой горимоороо ажиллахгүй байна. УИХ-ын дарга гэдэг хүн гэнэт Ерөнхий сайд шиг үг хэлж байна. Засгийн газар Ерөнхий сайдынх, харин УИХ-ын дарга зүгээр л хурал удирдах ёстой хүн хурлаа ч хийхгүй тийм зүйл хийгээд явж байгаа нь соёлтой өөр улсад парламентийн эрх мэдлийг булаасан хэргээр үндсэн хуулийн зөрчил болоод, тэр хүн алга болох ёстой байтал дараа нь “Би Тавантолгойг авч үлдсэн” гэж болохгүй.
“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ПРОТОКОЛУУДАА ИЛ БОЛГООЧ”
Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрийг зарлахаас гадна тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколуудаа ил болгооч. Хэн нууцад гарах санаачилгыг гаргасан бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдийн аль хэсгүүд нь албажиж шийдвэр гаргахдаа Засгийн газар юм уу, УИХ-ын ямар шийдвэрүүдээр баталгаажсан бэ. Нүүрстэй холбоотой гэрээнүүдийг хийхэд ямар чиглэлүүд олгогдсон бэ. Ганхуяг гээд хүнийг шийтгэх байх. Яг ЖДҮ-тэй холбоотой ЖДҮ сангийн хэдэн хүн шийтгэсэн шиг. Уучлаарай, тэд зүгээр л “гар, хөл”. Яг энэ төлөвлөгөөг зохион байгуулж, зургийг нь зурж, шийдвэрүүдийг нь гаргуулж, эдийн засгийн үр шимийг нь хүртсэн хүмүүс өөр. Гарын үсэг, тамгаар батлаагүй байгаа боловч нүүрсний хулгайд чиглүүлээд Х.Баттулга гэдэг хүнийг яллах гэж оролдох байх. Тэр хүнийг яллах нь ч зөв байх. Гол дүр нь мөн байх. Гэхдээ хэн нэгнийг буруутгаад, ард нь жинхэнэ эзэд сугараад үлдэж болохгүй. Яг үндсэн эзэд нь хэн бэ.
Эрдэнэс Тавантолгой гэдэг бас нэг саалийн үнээгээ төрд байлгахаар төрийн хулгайчид, эрх мэдэлтнүүд нь тоноод байгаа юм бол цаашдаа энэ хулгайчдаас сэргийлэхийн тулд хувьчлагдах ёстой юу?
Хувьчлагдаж, олон нийтийн компани болох ёстой. Бизнесийн дүрмээр ажиллах, мэдээлэл нь ил тод болох ёстой. Хувийн компанийн хийж байгаа ажлыг төр нууцад авч болохгүй.
“НИЙГЭМД БУЖИГНААН ҮҮСГЭЭД, ҮР ДҮНД НЬ ТӨР ШИНЭ БИЗНЕСТЭЙ БОЛДОГ БОЛЖЭЭ”
Ул суурьтайгаар асуудлаа харна гэж бодвол ганц нүүрс биш зэстэй холбоотой бизнесүүд ямар байна вэ. Нэг эмгэнэлтэй зүйл нь нийгэмд бужигнаад үүсгээд “Паа, пүү, аймшигтай юм бэ” гэж ярьсны үр дүнд төр шинэ бизнестэй болдог. Нэг уурхай эсвэл нэг салбарыг дээрэмддэг болж хувирлаа. Эрдэнэт, мөнгөний ордыг авсан. Одоо нүүрсний хулгай яриад төр дахиад нэг нүүрсний орд авах бол энэ шийдэл биш. Харин хулгай гараад байгаа газруудаа ил гаргаж, өөрөөсөө холдуулах тухай ярих ёстой болохоос дахиад шинээр улс төрчдийн дээрэмдэх талбар үүсгэдэг, шинэ бизнестэй болдог. Энэ буруу тийшээ явж байна. Үүнийг бодох ёстой.
Энэ хулгайн шалтгаан нь юу вэ. Улстөрчид бөөнөөрөө ингэж хулгай хийх болсон шалтгаан нь сонгуультай холбоотой. Тойрогтоо очиж, мөнгө тарааж, эрх мэдэлд хүрдэг. Буцаагаад гарсан мөнгөө олж авах, дараагийн сонгуулийн зардлыг хийх гэдэг хулгайн уралдаанд оролцдог. Азтай нь эрх мэдлээ баталгаажуулж үлддэг. Азгүй нь нэгнийхээ өмнөөс шоронд явдаг. Ийм тэнэг тогтолцооноос салах ёстой.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ БИШ, ОЮУН УХААНААР ШИЙДЭЛ ЯРЬДАГ ЭРХ МЭДЭЛТЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА
Надад хамгийн эмгэнэлтэй санагдаж байгаа зүйл нь Монголын улс төрд, Монголын төрд өөрт нь бодлого, шийдэл ярьдаг оюун ухаан алга. Хүмүүсийг нэг бол уурлуулдаг, нэг бол айлгадаг. Сэтгэл хөдлөл дээр нь тоглож, гал унтраадаг, нэг асуудал дэвэргээд, түүнийгээ дарсан баатар болох гэж оролддог. Эсвэл нэг дайсан үйлдвэрлэж, бүх асуудлаа түүнд наагаад, цааш хийж авч чадвал, чадахгүй бол өөр нэг жижигхэн нөхөрт нааж, бүх асуудал шийдэгдсэн юм шигээр хэрэлдэж байсан хүмүүс тэврэлдэж, дараагийн хулгай руугаа зэрэгцээд алхдаг боллоо.
Энэ улс орныг эрүүл саруул оюун ухаанаар удирдах гээд байна уу, сэтгэл хөдлөл дээр нь гал унтраах байдлаар жижигхэн шийдвэрүүд дээр явах гээд байна уу гэдгээ бодож, ярилцах цаг болсон.
Ярилцсанд баярлалаа.