Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадорж танилцуулсан.
Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-ын 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор хэлэлцэн баталсан. Уг бодлогын баримт бичигт 8 бүлэг, 8 зорилго, 33 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөсөн.
Тухайлбал:
- Нэгдүгээр бүлэг-Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүлэгт гурван зорилт дэвшүүлэн есөн арга хэмжээг хэрэгжүүлж 75.6 хувь,
- Хоёрдугаар бүлэг-Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй эрдэнэт хүн бүлэгт таван зорилтын хүрээнд 32 арга хэмжээг хэрэгжүүлж 46,4 хувь,
- Гуравдугаар бүлэг-Амьдралын чанар ба дундаж давхарга бүлэгт зургаан зорилт 28 арга хэмжээг хэрэгжүүлж 80,3 хувь,
- Дөрөвдүгээр бүлэг-Эдийн засаг бүлэгт дөрвөн зорилт 15 арга хэмжээг хэрэгжүүлж 82,7 хувь,
- Тавдугаар бүлэг-Тогтвортой засаглал-Эрдэнэт хүч бүлэгт 3 зорилт 18 арга хэмжээг хэрэгжүүлж 81,7 хувь,
- Зургаадугаар бүлэг-Ногоон-Эрдэнэт хот бүлэгт 4 зорилт 17арга хэмжээг хэрэгжүүлж 77 хувь,
- Долоодугаар бүлэг-Аюулгүй, амар тайван-Эрдэнэт хот бүлэгт 3 зорилт 16 аргаг хэмжээг хэрэгжүүлж 90.1 хувь,
- Наймдугаар бүлэг-Тогтвортой хөгжил-Эрдэнэт хот бүлэгт таван зорилт дэвшүүлэн 29 арга хэмжээг хэрэгжүүлж 66,2 хувь буюу Орхон аймгийн таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт 78,8 хувьтай хэрэгжсэн байна.
ОРХОН АЙМГИЙН ТАВАН НАСТНУУДЫН СӨБ-Д ХАМРАН СУРГАЛТ УЛСЫН ДУНДЖААС 11.3 ХУВИАР ДЭЭГҮҮР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРАВ
Эдгээрээс онцолбол: Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй эрдэнэт хүн бүлэгт Боловсролын үйлчилгээг тэгш, чанартай зохион байгуулан, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан.
Үүний хүрээнд, таван настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулж, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зохион байгуулсан билээ. Согоот багийн 4-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, Яргуйт багийн 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгууд тус тус ашиглалтад орсон. 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 31, хувийн 8, нийт 39 цэцэрлэгт 8,768 хүүхэд хамрагдаж байна. Хамран сургалт 92.2 хувь байгаа нь өмнөх оноос буураагүй бөгөөд улсын дунджаас 11.3 хувиар дээгүүр үзүүлэлт юм.Мөн Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл, Яргуйт багийн 28-р цэцэрлэг бүрэн ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд бүлэг дүүргэлт 26 болсон бөгөөд энэ нь өмнөх оноос 1.8 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Уг үйл ажиллагааны биелэлт 90 хувьтай гарчээ.
Мөн Амьдралын чанар ба дундаж давхарга гуравдугаар бүлэгт тусгасан Хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэж, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилтын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахимд шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН 72 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 100 ХУВЬ ЦАХИМЖАВ
Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 08 дугаар сараас эхлэн нийгмийн халамжийн үйлчилгээ нь ehalamj.mn цахим системд үе шаттайгаар шилжиж эхэлсэн. 2020 онд 6, 2021 онд 26 төрлийн үйлчилгээ системд шилжсэн бол 2022 онд 40 үйлчилгээг нэмж цахимд шилжүүлснээр нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээ 100 хувь цахимжав. Цахим үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн халамжийн бүх үйлчилгээг нэг дороос шуурхай чирэгдэлгүй авах нөхцлийг бүрдүүлсэн уг арга хэмжээ 100 хувь биелжээ.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ДЭМЖЛЭГ ОЛГОВ
Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих нөхцөлд мөнгөн тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай зохион байгуулах ажлыг гүйцэтгэж, хуульд заасны дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин 10 иргэн, хорих ангиас суллагдсан 14 иргэн, гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон 12 иргэн, нийт 36 иргэнд 43.2 сая төгрөгийг нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгосон байна.
Аймгийн Нийгмийн халамжийн зөвлөлөөс орон гэргүй 80 өрхөд гэр олгох, хүнд өвчний улмаас, амьдралын нөхцөл байдал нь хүндэрсэн, мөнгөн тусламж дэмжлэг шаардлагатай 300 иргэнд буцалтгүй тусламж олгож, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэнийг Хөвсгөл болон Батсүмбэр дэх улсын асрамжинд асрамжлуулахаар хүргэжээ. Уг арга хэмжээний хүрээнд энэ мэт олон үйл ажиллагааг зохион байгуулж 100 хувийн биелэлттэй хэрэгжжээ.