Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион явуулах, өв болгон ашиглах асуудал эрхэлсэн дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хасан аль-Тавади Катар-2022-ын бэлтгэл ажилд оролцож байсан 400-500 цагаач ажилчид амиа алдсан гэдгийг мэдэгдлээ.
Энэ сард албаны хүн CNN-д өгсөн ярилцлагадаа “ДАШТ-ий бэлтгэл ажилтай холбоотой гурван хүн амиа алдсан” гэж мэдээлсэнтэй харьцуулахад дээрх мэдээлэл маш цочирдом статистик болж байгаа юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр энэ тоо хэд дахин илүү буюу Катарт хөлбөмбөгийн ДАШТ болно гэж 2010 онд зарласнаас хойш нийт 6500 гаруй зүүн өмнөд азиас ирсэн цагаач ажилчид нас барсан тухай Их Британийн The Guardian сэтгүүл өнгөрсөн жил нийтэлж байсан юм. Энэ мэтчилэн Катар-2022 ба цагаач ажилчдын амь настай холбоотой асуудал энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт эхлэхтэй зэрэгцээд олны анхаарал татаж эхэлсэн.
Эмнести Интернэшнлийн мэдээлснээр Катарын нийт ажиллах хүчний 90 хувийг цагаач ажилчид бүрдүүлдэг байна. Түүнчлэн Катарт зуны улиралд өглөө 10-аас өдөр 15:30 хүртэл гадаа хөдөлмөр эрхлэхгүй байхыг зохицуулж өгсөн байдаг. Учир нь Катарт температур 45 хэм хүртлээ халах тохиолдол байдаг байна.
Эх сурвалж: CNN