Айл бүрд шахам хэн нэг нь хорт хавдраар өвчилж эмчилгээ байхгүй, сүүлийн шатандаа орсон гэж ярих нь бидэнд хэвийн юм шиг сонсогдох болж. Орчин үеийн хавдрын эсрэг байн эмчилгээ Монголд нэвтрэн улмаар даатгалд хамрагдсанаас хойш багагүй хугацаанд хавдрыг даван туулагсдын тоо нэмэгдэн эмчилгээний чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орсныг судалгааны үр дүн харуулж байна
Швейцарийн алдарт “Рош” компани дэлхийд хавдрын эмчилгээгээр тэргүүлдэг, өнөөдрийн байдлаар Монголын “Монос трейд” компанитай хамтран ажиллаж буй. Энэ хоёр компани хорт хавдрын эсрэг орчин үеийн эмчилгээ болох ПД-Л1 дархлааны системийг дэмжин улмаар хавдрын эсийг устгах үйлдэл бүхий бүтээгдэхүүн болох “Тецентрик” эмийг Монголд бүртгүүлэн оруулж ирлээ. Ийм төрлийн эмийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа нь энэ. Зүгээр нэг эм оруулж ирсэн бус хавдрын эсрэг орчин үеийн дархлааг дэмжих эмчилгээг Монголд нэвтрүүлснээрээ онцлог.
125 жилийн түүх, ажлын туршлагатай “Рош” компани өмнө нь буюу 2018 онд хорт хавдрын эсрэг бай эмчилгээг манай улсад нэвтрүүлж, гурван төрлийн эм оруулж ирсэн. Улмаар өдгөө хоёр эмийг нь даатгалаар үнэгүй олгож байгаа билээ. Өнөөдөр ийнхүү хорт хавдрын эсрэг дархлааны эмийг нэвтрүүлсэн нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, хавдрын эсрэг тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж эмч мэргэжилтнүүд онцолж байна.
“Рош”, “Монос трейд” компани хамтран “Тецентрик” эмийг Монгол Улсад анх удаа оруулж ирж буйтай холбогдуулан “Кемпински” зочид буудалд арга хэмжээ зохион байгуулж байна. Өчигдөр “Элэгний хавдрын оношилгоо эмчилгээ”, “Жижиг эст уушигны хорт хавдрын үед Атезолизумабын үр ашиг, аюулгүй байдал”, “Элэгний хорт хавдрын дархлаа эмчилгээ, Атезолизумаб ба бевацизумабын үүрэг” зэрэг хэд хэдэн чухал сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.
АННА САВИНКИНА: “ТЕЦЕНТРИК” ЭМИЙГ 50 ОРОН ИРГЭДДЭЭ ДААТГАЛААР ОЛГОДОГ
“Рош” компанийн Азийг хариуцсан газрын захирал Анна Савинка “Тецентрик” эмийг албан ёсоор Монголд нэвтүүлэх ёслолыг нээхдээ “Монгол Улсад элэгний хавдрын өвчлөл өндөр байна. Тэр хэрээр орчин үеийн эм, эмчилгээг нэвтрүүлэх чухал. Бид “Тецентрик” эмийг Монголд анх удаа оруулж ирж буйдаа баяртай байна. Үүнийг дагаад хавдрыг эмчлэх шинэ эмчилгээ, орчин үеийн технологи нэвтрэнэ. Ингэснээр хорт хавдрыг богино хугацаанд эмчлэх боломж төдий чинээгээр бүрдэнэ. ДЭМБ-ын нэн шаардлагатай эмийн жагсаалтаад “Рош”-ийн 32 эм байдаг. “Тецентрик” эм Монголд одоо л орж ирж байгаа болохоос дэлхийд 2006 онд хэрэглээнд нэвтэрсэн. Манай эмийг гадаадын 50 орон эрүүл мэндийн даатгалаар иргэддээ олгодог. Монголын бүхий л шатны байгууллагын зөвшөөрлөөр “Тецентрик” эмийг оруулж ирлээ. Бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Баярлалаа” гэв.
Үүний дараа түүнээс зарим зүйлийг тодруулахад “Бид өмнө нь “Монос трейд”-тэй хамтран хөхний хавдрын бай эмчилгээг оруулж ирсэн. Манай компанийн үйлдвэрлэсэн гурван эмийн хоёр нь даатгалд хамрагдсан. Ажлын тодорхой үр дүн ингэж гарсны дараа дараагийн бүтээгдэхүүнээ оруулж ирье гэсэн санаа төрсөн.
Эрүүл мэндийн салбарт 125 жилийн арвин түүхтэй, туршлагатай манай компани гурван салбартай. Эмийн, оношилгооны болон диабетийн гэсэн 3 чиглэлээр ажилладаг бөгөөд эмийн аюулгүй байдал, чанар, эрсдлийн үнэлгээ, гаж нөлөө зэрэгт байнгын хяналт тавин ажилладагаараа онцлог.
“Тецентрик” тариа нь Монголд зонхилон тохиолддог элэгний үсэрхийлсэн хорт хавдрын гурав, дөрөвдүгээр үе, уушигний хавдар, Хөхний болон давсагний хавдарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм юм.
“Рош” компани Монголд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон байгаа. Хөхний хорт хавдрын хоёрдугаар шатны эмчилгээ болох "Пертузумаб –Пержета" гэх бай эмчилгээг Монголд бас нэвтрүүлж байна. Нээлтийг нь маргааш (өнөөдөр) хийнэ” гэлээ.
Д.ЦЭРЭНБАТ: ТЕЦЕНТРИК ЭМИЙГ ДАГААД ШИНЭ ТЕХНОЛОГИ, ЭМЧИЛГЭЭ МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ
Мөн бид “Монос трейд” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбаттай ярилцлаа.
-“Тецентрик” эмийг оруулж ирэх, хавдрын эсрэг дархлааны эмчилгээг Монголд нэвтрүүлэх санаа хэзээ төрөв. Энэ ажлыг хэрхэн эхлүүлсэн бэ?
-Өнөөдөр онцгой сайхан өдөр болж байна. “Тецентрик” эмийг Монголд нэвтрүүлж, нээлтээ хийж буйдаа баяртай байна. Үүнийг дагаад хавдрын эсрэг шинэ эмчилгээ, дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи Монголд нэвтрэх эхний алхам тавигдлаа.
Дэлхийд тэргүүлэгч “Рош” компанийн бүтээсэн хавдрын эмчилгээг Монголд оруулж ирэх ажил 2018 онд эхэлсэн. Хавдрын бай эмчилгээг нэвтрүүлэхэд 2019 онд ЭМЯ, ХСҮТ болон Рош компанийн байгуулсан гурван талт Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь бидний цаашид энэхүү эмчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан хэрэгжүүлэхэд гол түлхэц болсныг дурдахад таатай байна.
Анх бид “Aвастин”, “Mабтера”, “Херцептин” гэсэн гурван моноклонал эсрэг биет агуулсан байн тариаг оруулж ирж байлаа. Өнөөдөр "Авастин", "Херцептин" хоёрыг одоо эрүүл мэндийн даатгалаар олгож байгаа нь олон эмчлүүлэгсдийн эдгэрэх, урт наслах боломж олгож байгаа нь бахархууштай.
Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгон хавдрын эсрэг дараагийн эмчилгээ болох дархлааг дэмжих эмчилгээ, шинэ технологийн “Тецентрик” эмийг оруулж ирлээ
-Монголын бүхий л шатны байгууллагын зөвшөөрлийг албан ёсоор авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, бүхий л шатны байгууллагын зөвшөөрлийг авсан. Монголын бүртгэлийн журам нэлээд чанга. Ямар ч байсан албан ёсны зөвшөөрөл, гэрчилгээгээ авчихсан байгаа.
“Тецентрик” эмийг манай улсад нэвтрүүлэхэд бодлогын хувьд дэмжсэн ЭМЯ, ХСҮТ, нэгдүгээр эмнэлгийн хамт олонд талархаж байна. Харьяа яам, байгууллагын удирдлага, хавдар судлаач олон хүний хичээл зүтгэлээр хавдрын эсрэг дархлааны эмчилгээ Монголд анх удаа нэвтэрсэнд бид их баяртай байна.
Я.ЗАМБАЛГАРАВ: ХОРТ ХАВДРЫН III, IV ШАТАНД ОРСОН ӨВЧТӨНИЙГ ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭМЧИЛДЭГ
Эм бол тоглоом биш. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал бүтээгдэхүүн. Хорт хавдрын эсрэг дархлаа дэмжих эмчилгээ, “Тецентрик” эм монгол хүний бие организмд бүрэн тохирох уу, таарах уу. Энэ талаар ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав ингэж ярьлаа. Тэрбээр “Хорт хавдрын өвчинд үндсэн гурван эмчилгээ бий. Нэг нь мэс заслын, нөгөө нь туяаны, гурав дахь нь химийн эмчилгээ. Химийн эмчилгээ хавдрын эсийг устгахаас гадна эрүүл эд,эсийг устгачих гээд байдаг сөрөг талтай. Үүнийг эрдэмтэд судалж үзээд, бай эмчилгээг бий болгосон. Ингэснээр тухайн хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл эд эс өртөх эрсдэл бага болсон.
Дархлааны эмчилгээ Монгол Улсад албан ёсоор, хууль дүрмийн дагуу анх удаа нэвтэрч буйгаараа онцлог. Дэлхийд олон жилийн өмнө нэвтэрсэн энэ эмчилгээ, технологи манай улсад орж ирсэн нь маш чухал.
Хорт хавдар нь нэг, хоёрдугаар шатандаа байгаа хүнийг эмчлэх боломж илүү өндөр. Гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хүнийг хэрхэн төгс эмчлэх вэ гэж дэлхийн бүхий л эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээ хийж байна. Бай эмчилгээ, одоо Монголд нэвтэрч буй дархлааны эмчилгээг сүүлийн шатандаа орсон өвчтөнүүдэд түлхүү хийдэг. Хавдартай өвчтөн бүрд хийдэггүй эмчилгээ. Илүү чанартай, орчин үеийн эмчилгээ, эм Монголд орж ирсэн гэсэн үг. Тэр хэрээр хавдрыг эмчлэх, өвчтөнийг эдгээхэд илүү үр дүнтэй. Олон улсын стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу монгол өвчтөнийг эмчилнэ. Тэгэхээр ямар нэгэн сөрөг нөлөө, хүндрэл гарахгүй.
Хорт хавдартай өвчтөн дунджаар 2-3 сарын турш эмчилгээ хийлгэнэ. Тэгээд үр дүнгээ шалгана. Дахиад хэр удаан эмчлүүлэх, “Тецентрик” эмийг үргэлжлүүлэн уух эсэх нь шинжилгээний хариунаас шалтгаална.
Ийм төрлийн эмчилгээг хийх мэргэжлийн эмч, боловсон хүчин, бүхий л хэрэгтэй, шаардлагатай технологи, төнөг төхөөрөмж нь Монголд бий” гэлээ.