Ираны хоёр нэрт жүжигчин засгийн газрынаа эсрэг эсэргүүцлийн жагсаалыг олон нийтэд уриалан дэмжсэн хэргээр баривчлагдлаа. Хенгаме Газиани, Катаюн Риахи нарыг Ираны эрх баригчдын эсрэг хамтран ажилласан хэрэгт буруутгаж байгаа гэж Ирна агентлаг мэдээлэв. Тухайлбал, хоёр эмэгтэй хоёулаа толгойн алчуургүй олны өмнө гарч ирсэн нь жагсагчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн хэрэг болсон байна. Хатагтай Газиани, хатагтай Риахи хоёр олон удаагийн шагналт жүжигчин бүсгүйчүүд бөгөөд Ираны прокурорын газрын тушаалаар тэднийг ням гарагт баривчилсан байна.
Газиани баривчлагдахаасаа өмнө олон нийтийн сүлжээнд "Юу ч байсан би үргэлж Ираны ард түмэнтэй хамт байх болно" гэж бичсэн. Мөн "Энэ миний сүүлчийн бичвэр байж магадгүй" гэж тэрээр олон нийттэй хуваалцжээ.
Есдүгээр сард 22 настай Махса Амини цагдаад саатуулагдсан байхдаа амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал орон даяар эхэлсэн. Түүнийг толгойн гивлүүр буюу хижабын хатуу дүрмийг зөрчсөн хэргээр нийслэл Тегеран хотын ёс суртахууны цагдаа нар баривчлж, есдүгээр сарын 16-нд буюу гурав хоногийн дараа нас барсан юм. Алба хаагчид түүнийг бороохойгоор зодож, толгойг нь машин руу цохисон гэх мэдээлэл байсан ч цагдаа нар түүнд зүй бус харьцсан гэх мэдээллийг үгүйсгэж, зүрхний шигдээс болсон гэж мэдэгдсэн юм.
SOURCE: BBC