Өвөл болж, Улаанбаатарын утаа, түгжрэл нэмэгдэж, иргэдийн стресс бухимдал ихэссэн өдрүүд үргэлжилж байна. Эдгээр нийгмийн асуудлууд, агаарын бохирдлоос хэсэгхэн ч болов холдож, эрүүл агаарт алхах иргэдийн тоо нэмэгджээ. Фэйсбүүкээс “Ууланд алхах” гээд хайхад маш олон бүлгэмүүд санал болгодог болсон байна. Бүлгэм бүр өөр өөрийн онцлог, давуу талтай аж.
Миний сонгож алхсан бүлгэм бол “Ууланд алхаж, кофе уух нь хайр ёоом” гэсэн нэртэй. Энэ бүлгэм хэт олон биш чанартай цөөн гишүүнтэй. Санаачлагч нь ууланд гараад, гарын кофе чанаж өгдөг. Мөн хамт алхсан гишүүд нь хоорондоо танилцаж, нөхөрлөдөг, нэгэндээ тус дэм болдог гээд олон онцлогтой юм. Анх удаа ууланд алхах гэж байгаа бол юунд анхаарах талаар тус бүлгэмийн санаачлагч Б.Баярбаттай ярилцлаа.
Сайн байна уу, та хэзээнээс ууланд алхаж эхэлсэн бэ?
Сайн байна уу. Би анх 2020 оны хоёрдугаар сараас ууланд алхаж эхэлсэн. Цар тахал гарч, хөл хорио тогтоогоод, бүх хүн гэр гэртээ байсан үед хүнд цэвэр агаар ямар чухал хэрэгтэй вэ гэдгийг ойлгосон. Анх алхахад хамт гарах хүнгүй, ганцаараа жаахан эвгүй байдаг байсан. Тиймээс “Ууланд алхаж, кофе уух нь хайр ёоом” гэдэг фэйсбүүк групп нээгээд, надтай адилхан ууланд гармаар байдаг ч хань байдаггүй хүмүүстэй нэгдэж, алхдаг болсон.
Ууланд алхахад өвлийн улирал их тохиромжтой, гоё байдаг. Учир нь Улаанбаатар хот маань утаа, түгжрэл, стресс гээд л бухимдах зүйл олон. Эдгээрээс ангид байхын тулд ууланд алхаж, стресс бухимдлаас өөрийгөө тусгаарлаж, бохирдлоос холдож, тайвширдаг.
Анх удаа ууланд алхах гэж байгаа хүмүүс юунд анхаарах ёстой вэ?
Миний хувьд мэргэжлийн уулчин биш. Гэхдээ өөрийн туршлагаас харахад, анхлан алхагчид улирлын чанартай хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй. Зарим хүмүүс уул руу гарч байгаа юм чинь даарна гээд маш зузаан хувцасладаг.
Алхахад бие ачаалж, их хөлөрдөг. Тиймээс хэт зузаан хувцаслаад, алхах явцдаа халууцаж, хувцсаа тайлж, даарах эрсдэлтэй. Салхи нэвтэрдэггүй, биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй хувцас сонгоорой. Мөн өвлийн улиралд халтиргаа, гулгаа их байдаг учраас гуталдаа зориулалтын хадаас бэхлэх, унаж бэртэхээс сэргийлж таяг, бээлий зэргийг базааж, биед тохирсон хөнгөн, дулаахан хувцас сонгох нь тохиромжтой.
Аль болох зориулалтын хувцас, хэрэгсэлтэй болохыг хичээгээрэй. Хүн бүр брэндийн оригинал хувцас авах боломжгүй. Өөрийн санхүүгийн боломжид тааруулан, чанартай, өөрт таарсан хувцас хэрэгсэлтэй болбол олон жил хэрэглэнэ. Жишээлбэл, дөрвөн улирлын гутал авч болно.
Анх ууланд гарч байгаа хүмүүст хаашаа алхахыг зөвлөх вэ?
Би Чингэлтэйн Зүрх уул, Богд уулын зүүн хэсэгт байдаг Хүрэл тогоот хоёрыг санал болгоно. Энэ хоёр уул нь налуу учраас алхахад хялбар байдаг. Манай бүлгэмд зүрх судасны өвчтэй, өндөр настай хүмүүс заримдаа нэгдэж алхдаг. Тэдгээр хүмүүст халтиргаа бага, налуу учраас хэт ачаалал өгөхгүй, алхахад таатай байдаг.
Танай группийн давуу тал, онцлог юу вэ?
Ууланд алхаж, кофе чанаж уух нь хүмүүст тайтгарал өгдөг. Юм бодох орчин нь бүрддэг юм шиг санагддаг. Кофе уунгаа сэтгэлээ онгойлгож, сэргэтэл ярилцах үе ч байдаг. Би өөрөө олон жил зочлох үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай. Тиймээс хамт гарч байгаа хүмүүстээ гэрийн нөхцөлд болон аяллын үеэр хэрхэн кофе чанах, кофены ач тус, хэрхэн сонгох зэрэг хөнгөхөн зөвлөгөө яриа хийдэг. Мөн манай бүлгэмд өөр олон төрлийн ажил, мэргэжилтэй хүмүүс байдаг. Жишээлбэл, нягтлан бодогч, татварын байцаагч, мэргэжлийн гэрэл зурагчин гээд олон хүмүүс нэгдэж алхдаг. Зурагчин маань хамт алхаж байгаа хүмүүсийнхээ алхаж байгаа гоё агшны зургуудыг дарж өгдөг.
Бас би гарын кофегоороо дайлдаг. Харин идэх хоол, хүнсний зүйлсээ өөрсдөө бэлдэж ирээд хамт, тойрч суугаад иддэг.
Одоо танай групп хэчнээн гишүүнтэй вэ?
Яг одоо идэвхтэй ууланд алхдаг хорь орчим хүн байна. Бид амралтын хоёр өдрийн нэгийг нь ярилцаж байгаад сонгож гардаг. Ажлын таван өдрөө ажлаа сайн хийж дуусгаад, амралтын өдрөө өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрладаг. Бид тоонд бус яг хамт алхдаг, чанартай, идэвхтэй гишүүдтэй байхыг эрмэлздэг. Олуулаа болбол илүү олон гоё зүйлс хийнэ гэж бодож байна.
Бидэнтэй нэгдэж, эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт алхаж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. Би гарын кофегоороо дайлах болно.
Ярилцсанд баярлалаа.