Цахимаар залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын банкны холбооноос хамтарсан мэдээлэл өнөөдөр хийлээ.
Энэ үеэр “Энэ оны арван сарын байдлаар 30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 32.8 хувь буюу 10 мянга орчим нь цахим залилах гэмт хэрэг” гэж албаныхан тодотгов.
Мөн ЦЕГ-ын цагдаагийн хошууч Билгүүдэй, “Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 97,3 хувиар нэмэгдсэн. Ийм төрлийн гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилан эзэлж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь цахим залилан гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн шалтгаан нь Монгол Улсын хүн амын цахим хэрэглээ өссөнтэй холбоотой. Монголд 3,2 сая интернэт хэрэглэгч, 2.8 сая фэйсбүүк хэрэглэгч байна.
2022 он гарснаас хойш залилах гэмт хэргийн улмаас 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Он гарснаас хойш цахим залилангийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна” гэлээ.