Мехран Карими Нассери гэх Иран эр дипломат асуудлаас болж зорьсон газраа очиж чадалгүй Парисын нисэх буудалд гацаж, тэндээ 18 жил амьдарсан түүхтэй. Түүний түүхээс сэдэвлэж, 2004 онд алдарт найруулагч Стивен Спилбергийн найруулсан “The Terminal” кино нээлтээ хийсэн байдаг. Энэхүү кинонд гол дүрийн залуу (Том Хэнкс) аавыгаа хайж явахдаа нэгэн онгоцны буудалд гацаж, терминалын нэг хэсэгт амьдардаг бөгөөд ингэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд (Катерин Зета Жонес) сэтгэл алдарч буй тухай өгүүлнэ. Жинхэнэ амьдрал дээрх эрийн амьдрал киноноос нэг их зөрөөгүй байна. 1945 онд төрсөн Мехран Карими Нассери нь ээжийгээ хайж Европ даяар явсан байдаг. Гэвч цагаачлалын асуудлаас болоод хэд хэдэн улсаас явж, дараа нь Францад ирэхдээ нисэх буудалд гацсан байдаг. Энэ үйл явдал 1988 онд эхэлсэн бөгөөд тэрээр 2 давхрын терминалд өөрийн амьдралын хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Ингэхдээ амьдралынхаа тухай тэмдэглэлийн дэвтэрт бичиж, ном, сонин уншин өдөр хоногийг өнгөрөөдөг байжээ. Харин “The Terminal” кино нээлтээ хийсний дараа түүний амьдрал олон нийтийн анхааралд өртөж, Нассери зарим өдөрт зургаа хүртэлх ярилцлагыг хэвлэл мэдээллийнхэнд өгдөг байсан байна. Хэдий 1999 онд дүрвэгчийн статустай болж, Францад үлдэх эрхтэй болсон ч тэрээр 2006 он хүртэл нисэх буудалдаа амьдарч, мөн онд өвчний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Үүний дараа киноны ашиг орлогоос олсон мөнгөөрөө зочид буудалд амьдардаг болсон байна. Хэдхэн долоо хоногийн өмнө Нассери нисэх буудалдаа эргэн ирж, ийнхүү амьдралынхаа эцсийн мөч хүртэл амьдарсан гэж нисэх буудлын ажилтнууд хэлжээ. Түүнд мөн хэдэн мянган евро, хөрөнгө байсан тухай тэд мэдээлжээ. Нассери өчигдөр буюу 11-р сарын 12-нд 76 насандаа нас барсан байна.
Эх сурвалж: BBC