“Агроэкологи-Тогтвортой хөдөө аж ахуй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.
Ингэхдээ, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Европын Холбооны санхүүжилттэй Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах стрийм төсөл болон Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам хамтарч буй юм.
Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвлөх, удирдах үйл ажиллагааг нийгэм, экологийн зарчмуудтай уялдуулах замаар ургамал, амьтан, хүн, хүрээлэн буй орчны харилцан холбоог сайжруулахад агроэкологийн үндсэн зорилго оршино. Агроэкологи нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” болон “Хүнсний Хувьсал” үндэсний хөдөлгөөнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ашиглагдаж болох чухал арга хэрэгсэл болох талаар мэргэжилтнүүд ярьж байна.
Стрийм төслийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй юм.
Энэ талаар ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Монгол улс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд мал аж ахуй, газар тариалан, ойжуулалт гээд тус тусад нь ярих биш нэгдсэн эко системээр хөгжүүлэх учиртай. Салбарыг тогтвортой урт хугацаанд хөгжүүлэхийн тулд гадаадын судалгаа эрдим шинжилгээний үр дүн, туршлагуудыг монголд нутагшуулах нь зүй. Нэг тэрбум мод төслийг хэрэгжүүлснээр цөлжилтөөс сэргийлэх, усны эх үүсвэрийг тогтвортой байлгах, хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах болно. Үүнийг бий болгохын тулд гадаадын мод тариалах шилдэг технологийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл байгалийн модыг шилжүүлж суулгах биш, шинэ технологи хэрэгтэй. Энэ мэт олон ажлыг ХААИС-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ нь оюутнуудаа сайн орчинд дадлагажуулж чадварлаг боловсон хүчин төрүүлэх давхар ач холбогдолтой.
Харин НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Хөдөө аж ахуйн газар тариалангийн хөгжлийг сайжруулахад агроэкологийн арга барил нэн чухал шаардлагатай. Энэ нь байгаль орчны хувьд ээлтэйгээс гадна эдийн засгийн хэмнэлттэй байх нөхцөл бүрдүүлнэ. Агроэкологийн үндсэн арван цогц зарчим байдаг. Гол санаа нь уламжлалт мэдлэг мэдээллийг шинжлэх ухаан, инноваци дататай холбон санаачилга гаргаж, энэхүү бодлогоо хууль санаачлагч бодлого боловсруулагч нарт өргөн барих төлөвлөгөөтэй байна. Монголын ард түмэн байгальтайгаа харьцаад сурсан арга ухаантай хэдий ч гадны янз бүрийн дарамт шахалтууд орж ирдэг. Дэлхийн уур амьсгал дордож буй энэ нөхцөлд шинжлэх ухааны дэвшилтэд технологитой холбож өгөх нь бидний зорилго.
Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко дараах мэдээллийг өглөө.
Монгол болон Польш улс хөдөө аж ахуйн салбарт 1960 оноос хойш хамтран ажиллаж байна. Польшийн газар нутгийн 33 хувь нь ойгоор хүрээлэгдсэн байдаг. Жил бүр засгийн газрын бодлогын хүрээнд ойжуулалтаа дөрвөн хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна. Жилдээ 500-600 сая мод тарьдаг гэсэн үг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод төслийг хэрэгжүүлнэ гэлээ.