
Гавьяат тамирчин Ц.Шаравжмцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-д Монголоос анх удаа тоглож байгаа билээ. “Дэйтон Флэйерс” багт багтсан анхны монгол тоглогч тэрбээр өнөөдөр NCAA-ийн анхны тоглолтоо хийв.


Гараанд гарсан Ш.Энхийн-Од 14 оноо, самбараас гурван удаа бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт өглөө. Ингэснээр багаа оноогоор тэргүүлж, “Лионс”-ыг хожиход чухал үүрэг гүйцэтгэв. Улмаар “Дэйтон Флэйерс” “Лионс”-ыг 73:46-гаар хожсон юм.


Тоглолтын дараа Ш.Энхийн-Од ярилцлага өгөхдөө “NCAA-ийн анхны тоглолтоо хийсэндээ баяртай байна. Өнөөдөр би сандраагүй. Аав, ээж минь Монголоос ирж намайг дэмжсэн учраас түшигтэй байлаа, улам их хичээлээ” гэлээ.


Ш.Энхийн-Од багийнхыхаа хамт NCAA-ийн энэ улирлын хоёр дахь тоглолтоо бямба гаригт Өмнөд Медодистын их сургуулийн эсрэг хийнэ.






