Амралтын өдрүүдээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн олон улсын хуралд хэлсэн үг анхаарал татаж, шүүмжийн гол сэдэв болов. Өнөөдрийнх бус, хуучин бичлэг ч гэлээ түүний хэлсэн үг өмнөх үеийнхнээ доош хийсэн, хүний эрхийн мэдрэмжгүй, түрэмгий хандсан үйлдэл боллоо гэж нэг хэсэг нь шүүмжилж байлаа. Харин нөгөө хэсэг нь “Дэд сайдыг шалихгүй зүйлээр өөнтөглөж, суудлаас нь зайлуулах оролдлого эрчимжлээ” гэх мэтээр ярьж байлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Манай улсын төрийн албаны дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс ЗХУ-д боловсрол эзэмшсэн, ахимаг насны хүмүүс байдаг. Энэ хүмүүстэй шинэлэг арга барилаар ажиллана гэдэг хэцүү байсан” хэмээн ярьжээ. Үүнийг цахим орчинд “Дээд үеийнхэн, хөгшчүүд зайл гээд хэлчихлээ” хэмээн дургүйцэж байна. Түүнчлэн “Боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурсан мөртлөө түүнийгээ төлөөгүй. Ингэсний эцэст өөрийгөө боловсрол сайтай хэмээн хүний эрхийн мэдрэмжгүй хандах нь утгагүй хэрэг” хэмээн олон шүүмж түүн рүү чиглэж байна. Товчхондоо амралтын өдрөөр олон нийтийг талцуулсан шүүмжлэлийн гол “эзэн” нь дэд сайд Б.Болор-Эрдэнэ байлаа.