Монголын анхны 600 саяын бооцоот тулаанд Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар оролцсон. Гэсэн хэдий ч Э.Цэндбаатар өнөөдрийг хүртэл бооцооны мөнгөө авч чадаагүй байна. Тулааныг зохион байгуулахдаа хоёр талаас тус бүр 300 сая төгрөг гаргаж оролцохоор тохирсон байдаг. Улмаар З.Шинэчагтга “Э.Цэндбаатар тулааны мөнгөө авсан” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэвч албан ёсоор гэрээ байгуулаагүй учраас ийнхүү маргаан гарч, ялсан тулаанч Э.Цэндбаатар өнөө хэр нь мөнгөө авч чадаагүй байна.
Өмнө нь ч тулааны спортын түүхэнд ийм маргаан гарч байсан удаатай. Энэ оны зургаадугаар сард тулаанч Б.Гантогтох Монголын анхны 100 саяын бооцоот тулаанд ялалт байгуулсан ч нөгөө талаас мөнгөө өгөхгүй луу унжиж, тамирчныг олон зүйлээр хохироосон тухай бид ярилцлага авч хүргэж байв.
Ийнхүү тулааны шоу зохион байгуулагчдын хариуцлагагүй мэдэгдэл, хайнга зангаас болж залуу тамирчдын урам хугарч байна. Тулааныг сэтгэлийн хөөрлөөр зохион байгуулах ёсгүй. Гагцхүү бүх зүйлийг баталгаажуулсны үндсэн дээр л хийх учиртай. Харамсалтай нь Э.Цэндбаатарыг бас л хуурч, чулуу хөөлгөөд хоцроож байна.