Үеийн үед намынхаа дарга нарын арга эвийг нь олж, нөмөр нөөлөгт нь багтдаг хүмүүс МАН-д бий. Тэд намаасаа, төрөөс авлагатай юм шиг… Нам нь тэдэндээ өртэй юм шиг аашилна. Хүсэл бүрийг нь гүйцээнэ. Тэдний нэг нь Д.Загджав. ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан түүнийг үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлсөн нь нүдээ олсон шийдвэр болов. Учир нь Д.Загджав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсоноосоо хойш хариуцлага дэг журам мөрдүүлж чадаагүйн дээр, ганц чаддаг ажил нь МАН-ын угшилтай, “хэцүү нэрт”-ийн хаалга татсан хүмүүст тал засаж л гүйдэг байлаа. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байхад хорих ангиас хүмүүжигч оргосон тохиолдол нэмэгдэж, энэ байдал хэрээс хэтэрч, замаа алдсан. Энэ нь ч Д.Загджав бүх шатандаа хариуцлагыг хэрхэн мөрдүүлсэн гэдгийг шууд илтгэнэ. Тэгсэн мөртлөө өөрийнх нь ажил үүрэгтэй холбоотой асуудалд бүлх залгисан юм шиг дуугүй суудаг, хэвлэлийнхэнд ч ам нээдэггүй. Тойрч зугтдагаараа алдартай. Товчхондоо тэр хор найруулж, зөөлөн суудалд сууснаас биш ШШГЕГ-т ажил хийлгүй суусаар өнөөдөр “төрхөмдөө буцаж байна”. Д.Загджав генаралын мөрдөсөөр гангарахаас хэтэрсэнгүй.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХОР НАЙРУУЛЖ, ЛОББИ ХИЙХЭЭС ХЭТРЭЭГҮЙ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазарыг ажиллаж байх үед Д.Загджав уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байлаа. Тухайн үедээ гэнэт ухаан орсон юм шиг аашилж, сайдаа сөрж “Оюутолгойн гэрээний асуудлыг илчилнэ. Татвараа төлөх ёстой” хэмээн Рио тинтог эсэргүүцэн босдог байлаа. Үе үе ингэж дуугарчихаад алга болж орхино. Мөн шатахууны компаниудын лобби, ил далд тусгай зөвшөөрөл гээд “но”-той бүхнийг удирдаж, ашиг сонирхлоо хавчуулж явсан хүн бол Д.Загджав яахын аргагүй мөн. Өөрөөр хэлбэл, Д.Загджав гэдэг хүн уул уурхайн салбарт байх хугацаандаа мөн л холион бантан хутгасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар руу явж байсныг хэн хүнгүй мэднэ.
НАМААСАА ХҮССЭН БҮХНЭЭ АВДАГ Д.ЗАГДЖАВЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ЯМАР ВЭ?
Д.Загдажавын АТГ-д гаргасан Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь харвал сүүлийн гурван жил дараалан өссөн. Тэрбээр 2019 онд УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байх үед жилийн орлого нь 30 сая төгрөг байсан бол 2020 онд 34 сая, 2021 онд 31 сая болж нэмэгджээ. Нийт 460 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 382 сая төгрөгийн хадгаламжтай гэж Хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байна.
Салбар бүхэнд шургалж хөлбөрч явдаг Д.Загджавын дараагийн очих цэг нь хаана байх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Уг нь зүй ёсоор бол Д.Загджавыг төрийн албанаас, хариуцлагатай албан тушаалаас бүрмөсөн явуулах хэрэгтэй байна. Намын даргадаа тал засдаг нэрээр хэн дуртайг нь өндөр албан тушаалд томилсоор байтал монгол төрийн залгамж үгүй болж, утга учраа алдлаа. Хариуцлага гэж хаана ч үгүй боллоо. Дахин сануулъя! Төр гэж байдаг бол, хууль гэж байдаг бол Д.Загджавыг одоо "тэтгэвэрт нь гарга".