Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар монголд хөрөнгө оруулаад хохирсон бизнес эрхлэгчидтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ “Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоноос Монгол Улсын иргэн Буянтогтох хамтарч уул уурхайн үйлдвэрлэл явуулна гэж 19 сая доллар бэлнээр аваад залилсан. Түүнтэй энэ сард хоёр ч удаа уулзлаа.
Тэрээр хэлэхдээ “Миний хохирсон асуудлыг шийдэж өгөөч, би цаашид Монгол улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулмаар байна” гэсэн.
Тэрээр Дэлгэр сумын нутаг дахь орд дээр хамтарч ажиллахаар тохиролцож, Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан. Гэтэл Буянтогтоход тавьсан хилийн хоригийг шүүгч Х тавиад явуулсан. Буянтогтох нь хилийн хоригоос гарсны маргааш нь Солонгос улсаар дамжин АНУ руу яваад алга болсон. Одоогоор асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Бид АНУ-ын элчин сайдын яаманд энэ хэргээр удаа дараа хүсэлт тавьсан. Би биечлэн мөн уулзсан. “Бид дэлхий дахинд нэр хүндээ бармааргүй байна. Энэ хүнийг шударга шүүхэд дуудан, шалгуулах хүсэлтүүдээ тавьсан”.
Тухайн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатхаан, нягтлантай холбоотой хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж байна.
Буянтогтохтой холбоотой өөр хэд хэдэн хэрэг бий. Арилжааны банкуудтай холбоотой асуудлууд ч бий. Бид ийм асуудлуудаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй. Та бүхэн санаж байгаа бол бид 2020 оны 12-р сард саарал жагсаалтаас гарсан.
Бид гадны иргэдийг хохироосон асуудлыг хурдан шийдвэрлэж, манай улсыг саарал жагсаалтаас гаргаач гэж бараг бөхийж суугаад гуйсан. Гадны иргэдийн хохироосон болон мөнгө угаалттай холбоотой ийм хэргүүдийг цэгцлэхгүйгээр бид хөгжихгүй. Ийм байхад Монгол Улсад итгэж хэн хөрөнгө оруулах юм бэ. Өндөр хөгжилтэй улс орнууд бүгд гаднын хөрөнгө оруулалтаар л хөгжсөн байдаг” гэлээ.