Монгол улс дотроо Хэнтий гэдэг улстай. Ерөнхий сайд нь тэр улс руугаа бүгдийг зөөж суудаг, дарга цэргийн суудал болгоноо хуваарилж байдаг болоод удлаа. Үүний нэг жишээ бол ХХААХҮ-ийн дэд сайдын томилгоо болж байна. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэгийг томилох дэд сайдын суудалд суулгахаар дэмжсэн. Улмаар Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж томилгоог баталгаажууллаа. Учир нь өмнөх сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын асуудлаар саатуулан шалгаж эхэлсэн учраас ийнхүү шинэ сайдын томилгоо хийсэн юм.
ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН М.ГАНХҮЛЭГ ГЭЖ ХЭН БЭ?
Тэрбээр 1990 онд төрсөн. ЗГХЭГ болон МАН-ын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан нэгэн. Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албаны гишүүн, НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Товчхондоо нутгийнхаа ах Л.Оюун-Эрдэнийн нөмөр нөөлөгт багтаж, крандуулж явсаар улстөрд орсноос биш, хөдөө аж ахуйн дэд сайд битгий хэл, хэлтсийн дарга хийх хэмжээний хүн биш. Учир нь хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн биш, огт туршлагагагүй. Гэвч МАН-ынхан төрийн албыг андын бэлэг, ах дүүсийн нэгэндээ өгдөг шагнал болгон хувиргаж, ээлжит нэгэн байж боломгүй томилгоогоо хийж байна.
Ганхөлөгийн АТГ-д гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь харвал 298 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай, 75 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 201 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Бид эрүүл мах идэх үү, эрүүл хүнс хэрэглэж чадах уу гэдгийг Хөдөө аж ахуйн яам бодлогоороо зангиддаг. Тиймээс ч энэ салбарт хамгийн сайн мэргэшсэн, нарийн мэргэжилтэн ажиллах учиртай юм. Гэвч эрх баригчид улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбараа ах дүүстээ хувааж өгөөд дуусаж байна. Олон нийт ч энэ талаар шүүмжилж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хөдөө аж ахуйн салбарт хөрсөн дээрээ бууж ажилласан мэргэжилтнүүд дээшлэх боломж гардаггүй. Хаа холын, тэс хөндлөнгийн хүнийг авчраад улстөрийн томилгоогоор төрийн жинхэнэ албан хаагчдыг удирдуулдаг гаж тогтолцоог ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжүүлж байна. Уг нь төрийн албаны тухай хуульд “мерит” зарчим буюу шатлан дэвших тогтолцоог баримтална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, доод шатны мэргэжилтнүүд ажиллласан жил туршлагаасаа хамаараад, дэвшиж ажиллах учиртай. Гэвч Монголд хэн нэг даргын хүн “тэнгэрээс бууж ирээд”, мэргэжлийн бус хүмүүсийг яам тамгын газарт “чихдэг” болоод удаж байна.