Их Британийн гурав дахь эмэгтэй ерөнхий сайд Лиз Трасс 45 хоногийн дараа огцорлоо. Тэрээр эргэж буцсан татварын бодлогоосоо болж ард иргэдийн дургүйцэлтэй нүүр тулсан билээ. Даунинг Стрийтийн гадаа хийсэн мэдэгдэлдээ Лиз Трасс “Нөхцөл байдлыг харгалзан үзвэл би Консерватив намаас сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадсангүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ талаар эрхэм дээдэс хаанд мэдэгдсэн” гэжээ.
Лиз Трасс огцрох нь цаг хугацааны асуудал байсныг сөрөг хүчний намын гишүүд нь мэдэгдэж байсан. Түүнчлэн Их Британийн эдийн засаг маш хүнд буюу тус улсын инфляц 9-р сард 10.1% хүртэл эрчимсэн. Энэ нь Их Британийн сүүлийн 40 жилийн түүхэнд гаргаагүй муу үзүүлэлт юм.
Харин одоо Их Британид дараагийн ерөнхий сайд хэн байх тухай олон нийтийн дунд гол хэлэлцүүлгүүд өрнөж байна. Үүнд түүнтэй хамт ерөнхий сайдад өрсөлдөж байсан сангийн сайд асан Риши Сунак, нийтийн танхимын тэргүүн Пенни Мордаунт, ерөнхий сайд асан Борис Жонсон нар сонгогдох магадлал өндөр байна. Их Британийн дараагийн ерөнхий сайд 10-р сарын 28-нд тодрох юм байна.