ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсэн дөрвөн бүс болох Донецк, Луганск, Запорожье, Херсон мужид дайны байдал тогтоох зарлигт гарын үсэг зурлаа. Лхагва гарагт танилцуулсан В. Путины зарлиг нь Оросын хилийн дагуух бүс нутгийн эрх баригчдад нэмэлт эрх мэдэл олгосон бөгөөд Оросын арми тулааны талбарт олон ялагдал хүлээсний дараа ийнхүү гарчээ.
“Бид Оросын аюулгүй байдлыг хангах, ирээдүйг хамгаалах маш нарийн төвөгтэй томоохон ажлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж В.Путин хэллээ. Энэхүү зарлиг нь тухайн бүс нутаг руу болон доторх хөдөлгөөнийг хязгаарлах боломжийг нэмэгдүүлж, эдгээр нутаг дэвсгэрийн оршин суугчдыг "аюулгүй бүс" рүү шилжүүлэх боломжийг олгох юм. В.Путин мөн Засгийн газартаа Ерөнхий сайд Михаил Мишустиний дэргэдэх тусгай зохицуулах зөвлөл байгуулж, Москвагийн Украин дахь дайны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн тулд “нэгтгэсэн” бүс нутгуудтай хамтран ажиллахыг даалгажээ. Харин Киевийн талаас энэ зарлиг юуг ч өөрчлөхгүй гэдгийг мэдэгджээ.
SOURCE: AL JAZEERA