ОХУ-ын армийг удирдаж байгаа шинэ командлагч Херьсон муж дахь нөхцөл байдал хүнд байгааг хэлжээ. Украины арми өмнөд болон зүүн бүсийн эзлэгдсэн газар нутгаа авахаар довтолгоогоо үргэжлүүлж, Москва хэдэн долоо хоногийн өмнө нэгтгэсэн бүс нутгийнхаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр яаравчилж байгаа юм.
Сергей Суровикин нь 10-р сарын 10-нд Украин дахь Оросын армийг ахлахаар томилогдсон. Тэрээр Херьсон муж дахь байр байдал энгийн иргэд болон Оросын цэргүүд аль алинд даван туулахад бэрх байгааг онцолсон юм. Тодруулбал, Россия-24 телевизэд өгсөн ярилцлагадаа “Херьсоноос иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхийн тулд Оросын арми бүх арга хэмжээг авна” гэжээ. Тус бүс нутагт Оросын арми сүүлийн хэдэн долоо хоногт 20-30 км ухраад байгаа юм. Оросын хэвлэлүүд шинэ командлагчаа “Армагеддон” гэж цоллоод амжсан билээ.
ОХУ-аас томилогдсон Херьсон мужийн захирагч Владимир Салдо “Украин томоохон хэмжээний дайралт хийхээр цэргүүдээ төвлөрүүлж байна. Оросын арми үүнийг сөрөхийн тулд юун түрүүнд энгийн иргэдийн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Тэгж байж Оросын арми ч байлдааны бүх хүчээ дайчилна” гэж хэллээ.
SOURCE: AL JAZEERA