Монголын улстөрчид нэг дуулианаар нөгөөгөө дардаг арга барилтай. Алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйж, цаашид засрах учиртай байтал хаа нэг газраас дуулиан гаргаж ирээд, мартуулдаг. Монголчууд бид ч өөрсдөө хэт хүлцэнгүй байсаар улстөрчдийн алдаа завхралыг орой дээр нь хүртэл явуулж байна. Энэ зуурт улстөрчид нь улам даварч, уучлал гуйх нь битгий хэл, “шазуур зууж” улсаа хорлодог боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн алдаатай мэдэгдэл хийгээд, тэр хэзээ ч “Уучлаарай” гээд жинхнээсээ, улстөрчийн зангараг гаргаж байгаагүй тухай доор дурдъя.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт 1,9 тэрбум төгрөгөөр Андлалын өргөө цогцолборыг бариулж байв. Тухайн үедээ төв телевизэд ярилцлага өгч “Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборууд барьснаас 400 сая жуулчинг бид татаж чадна” хэмээн давхар давхар алдаатай мэдэгдэл хийсэн. Олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, улангасан дайрч байхад хүртэл тэр “Уучлаарай” гэдэг үг амнаасаа унагаагүй. Харин ч “Бүтээн байгуулалтын ажилд саад болсон этгээдийг улсынхаа эсрэг буй гэмт хэрэгтэн гэж үзнэ шүү” хэмээн шазуур зууж явсан удаатай. Удалгүй “Андлалын өргөө”-гөө нурааж, хоёр тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. Бас “Уучлаарай” гэж хэлсэнгүй.
- Хэнтий аймагт хамгийн өндөр дүнтэй төсвийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавиулаад байна. Төсвийн санал боловсруулсан Засгийн газар нь кабинетийн тэргүүнийхээ тойрогт 10 аймагтай тэнцэхүйц хэмжээний төсөв батлуулсан нь өөрөө шударга ёсны зарчимд хэзээ ч нийцэхгүй. Гэвч Ерөнхий сайд МАН-ын бүлгээрээ тайлбар хийлгэж “ Хэнтийд угаасаа л өмнө нь их бүтээн байгуулалт төлөвлөсөн байсан. Ажлаа гүйцээх хэрэгтэй учраас ийм өндөр дүн гарч байна” хэмээн мэдэгдэл гаргав. Уг нь Ерөнхий сайд шууд л “Төсвийн хөрөнгө оруулалтын зардал шударга бус хуваарилагдсан асуудлыг олон нийт шүүмжилж байгаа юм байна. Бид эргэж нягталъя. Уучлаарай” хэмээн мэдэгдэх учиртай байлааа. Гэвч өнөөг хүртэл таг чиг л байна.
- Ерөнхий сайд Герман улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалаар явахдаа онгоцны чиглэл өөрчилж, дураараа дургисан асуудал гаргав. Гэвч тэр нөгөө л сурсан зангаараа уучлал гуйх нь битгий хэл “Харин ч төсвийн мөнгө хэмнэсэн шүү,би. Тусгай үүргийн нислэгээр явсан бол хэт өндөр зардал гарах байсан” гэж даналзав. Ерөнхий сайдын зөв ч бай, буруу ч бай тэр хамгийн түрүүнд алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх, улстөрийн соёлд суралцах ёстой баймаар. Гэсэн ч тэгсэнгүй. Хэрхэн ширэн нүүрлэж, ёс зүйгүй авирладаг вэ гэдгээ дахиад нэг удаа харууллаа.
“Гахай илүү эрхтэй юу” хэмээн олон нийт бухимдаж байна. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн нь таг чиг суусаар. Түүнд уучлал гуйх, улстөрийн соёл гаргах тухай ойлголт огтхон ч алга. Харин ч “дөргүй бух” шиг аашилж, нэр хүнд, үнэлэмжээ улам унагасаар байна. Ийнхүү шударга бус нийгмийг Ерөнхий сайд нь өөрөө бүтээж сууна. Тэгчхээд ичих ч үгүй “Монгол хүн бүр хичээе. Хичээвэл л бүх юм болно” гэж телевизээр реклам цацах нь эмгэнэлтэй. Олон нийт шударга ёс, тэгш зарчмыг л шаардаж байна. Хатуу шаардаж байна. “Л.Оюун-Эрдэнэ ээ, алдаагаа зас, уучлал гуй” гэж…