БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт “Манай цөмийн зэвсгийн хүчин дайснаа хяналтдаа оруулахын тулд бодит дайнд бүрэн бэлтгэгдсэн” гэж мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг KCNA дамжууллаа. Тэрээр хэдэн сарын турш пуужингийн туршилт хийсний эцэст ийн ноцтой мэдэгдэл хийлээ гэж хэвлэлүүд онцолж байна.
Энэ мэдэгдлийг БНАСАУ лхагва гарагт алсын тусгалтай далавчит пуужинг харвасны дараа хийсэн. Ингэснээр энэ жил БНАСАУ 26 дахь удаа пуужин туршсан тохиолдол болж байгаа юм. Шинжээчдийн зүгээс харин KCNA тэргүүтэй БНАСАУ-ын хэвлэлүүд пуужингийн туршилтын амжилтын талаар хэтрүүлсэн мэдээлэл өгч байна гэж үзэж байна. Тухайлбал, даваа гарагт KCNA тус улсын сүүлийн үед хийсэн пуужингийн туршилтууд нь товлосон цагтаа, онилсон газраа очиж буй талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN