ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар өөр, өөрөөсөө тус бүр 300 сая төгрөг гаргаад, мэргэжлийн боксын төрлөөр бооцоот тулаан хийсэн. Улмаар тус тулаанд Э.Цэндбаатар ялж, 600 сая төгрөг өвөртлөхөөр болсон юм. Тулааныг зохион байгуулснаас хойш нэг сар болоод буй ч одоог хүртэл Э.Цэндбаатар бооцооны мөнгөө аваагүй байна. Ийм асуудал гарсан нь анхных бус. Үүнээс өмнө холимог тулааны тамирчин Б.Гантогтох 100 сая төгрөгийн бооцоот тулаанд ялсан ч бооцооны мөнгөө одоог хүртэл аваагүй байгаа юм.
Э.Цэндбаатарын бооцооны мөнгө хаана гацав. З.Шинэчагтга өөрөөс гаргах 300 сая төгрөгөө өгсөн үү. Тэмцээнийг зохион байгуулагчид үүнд буруутай юу. Энэ талаар тодрууллаа.
Э.ЦЭНДБААТАР: БООЦООНЫ МӨНГӨӨ АВААГҮЙ БАЙНА. ӨГӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ
Э.Цэндбаатараас тодруулахад “Одоогоор бооцооны мөнгөө аваагүй байна. Өгөх байлгүй дээ” гэв.
З.ШИНЭЧАГТГА: БИ ЛАВ БООЦООНЫ МӨНГӨӨ ӨГСӨН
Дараа нь З.Шинэчагтгаас тодруулахад “Өөр, өөрөөсөө гаргах 300 сая төгрөгөө бэлэн тавиад тулалдана гэж Э.Цэндбаатар бид хоёр тохирсон. Тохиролцсоныхоо дагуу, хэлсэндээ хүрээд, 300 сая төгрөгөө тэмцээн зохион байгуулагчдад өгсөн.
Би лав бооцооны мөнгөө өгсөн, одоо ямар ч асуудал байхгүй. Миний өгсөн бооцооны мөнгийг тэмцээн зохион байгуулагчид Э.Цэндбаатарт яагаад өгөхгүй байгааг нь би мэдэхгүй” гэлээ.
ТЭДНИЙ ТУЛААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД УТАСНЫХАА ДУУДЛАГЫГ АВСАНГҮЙ
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын тулааныг зохион байгуулсан хүмүүстэй холбогдохыг оролдсон ч утасныхаа дуудлагыг авсангүй.