Найруулагч Сидни Поллакийн 1969 оны бүтээл, Оскарын долоон шагнал, “Алтан бөмбөрцөг”-ийн таван шагнал хүртсэн дэлхийн кино урлагийн санд сонгодог кино жагсаалтад бүртгэгдсэн “Бахардсан морьдыг бууддаггүй гэж үү?” хэмээх шилдэг дэлгэцийн бүтээлээс сэдэвлэсэн “Мишээл салса марафон 2022” тэмцээн энэ оны аравдугаар сарын 23-ны ням гаригт зохион байгуулагдах гэж байна.
Монголын хамгийн анхны, хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн Мишээл энтертайнмент гудамжинд зохион байгуулагдана.
Энэхүү бүжгийн сонирхолтой марафон эвентийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Мишээл групп ХХК, Монголын салса бүжгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний зорилго:
- Их хотын амралт чөлөөт цаг, шөнийн амьдралын соёлыг зөв эерэг өнцгөөс харуулах, уриалах.
- Нийслэл хотын удирдлага залуусын амралт чөлөөт цаг, эрүүл зөв дадлыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогыг суртачлах.
- Гадна болон дотоодын жуулчдын амралт чөлөөт цагаа өнгөрөөх зориулалтын стандартад нийцсэн, нийслэл хотод өнгө нэмсэн үйлчилгээний төвийг олон нийтэд суртачлах. Жишиг тогтоох.
- Бүжгийн холбоод, клубууд, бүжгийн төрлөөр сонирхон хичээллэгч олон зуун залуусыг зөвөөр таниулах, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшилд уриалах.
Тэмцээний журам
- Урьдчилсан бүртгэлийг өмнө нь явуулж баталгаажуулсаны үндсэн дээр нийт оролцогчдын тоог 150-300 бүжигчнээр хязгаарлана.
- Тэмцээнд 21-ээс дээш насны хүмүүсийг бүртгэнэ.
- Оролцогчид тэмцээний хураамжны мөнгө болох 10.000 төгрөгийг төлснөөр бүртгэл баталгаажна.
- Тэмцээн аравдугаар сарын 23-ны 16:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
- Тусгайлан хязгаарлалт тогтоосон бүжгийн том талбайд оролцогчид бүжиглэх бөгөөд албан ёсны завсарлагын хугацаа болоогүй байхад бүжгийн талбайг орхин үзэгчдийн суудалд суух, бүжгийн талбайгаас шалтгаангүй гарсан тохиолдолд тэмцээнээс хасагдах бөгөөд энэ зарчмаар бүжгийн талбайг орхилгүй бүжиглэсээр хамгийн сүүлд тунан үлдсэн нэг хос тэмцээний ялагч болно.
- DJ хурдан хэмнэлтэй ая, удаан хэмнэлтэй ая гэхчилэн тэмцээнийг сонирхолтой болгох бөгөөд аяны хэмнэлд тааруулж оролцогчид бүжиглэх ёстой. Хэмнэл удааширсан, идэвхгүй байдал харуулсан оролцогчдод хоёр удаа сануулах шар хуудас өгөх бөгөөд гурав дахь сануулга тэмцээнээс хасах хуудас байна.
- Шүүгчид бүжгийн гүйцэтгэл, уран чадвар, техникийн гүйцэтгэлийг бус идэвхтэй байдал, аяндаа тохирсон хөдөлгөөний байдлыг голчлон дүгнэнэ.
- Оролцогч хосуудын хувцасны сонголт зэрэгт тодорхой стандарт тогтоохгүй.
- Тэмцээний явцад хосоо солихыг хориглоно.
- Зохион байгуулагчдын зүгээс 50 минут тутамд арван минутын завсарлага гарган, биеийн чилээ гаргах, биеэ хөнгөлөх боломж олгоно.
- Бүжгийн талбайн бүс дотроо бүжиглэнгээ аливаа төрлийн шингэн уух, идэх нээлттэй.
- Шагналын сан 2.000.000₮