Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын бөхчүүд дэлхийд алдартай. Энэ л жинд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нэгэн цагт эх орныхоо нэрийг дэлхийд тахалсныг уншигчид андахгүй. Тэгвэл өдгөө түүний шавь, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа багшийнхаа амжилтыг буухайлж, Монголын жүдочдын нүүр царай болж буй. Үүний сацуу багш, шавь хоёрын амжилтыг буухиалах ирээдүйтэй цөөнгүй тамирчин торниж, тэднээс суралцаж буйн нэг нь Лхагватогооогийн Энхрийлэн.
Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин тэрбээр хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн бөх боллоо. Л.Энхрийлэн энэ жил дэлхийн медальтан болохдоо олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Дария Белодид, дэлхийн аварга Криста Дегүчи нарын шилдгүүдийг өвдөг шороодуулан, шуугиуллаа. Ингэснээр ДАШТ-ээс медаль авсан Монголын долоо дахь эмэгтэй жүдоч болов. Түүнээс өмнө Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг нар дэлхийн медальтан болж байв.
ЭМЭЭГИЙН АМЬ ИХ СПОРТОД ХӨЛ ТАВЬСАН НЬ
Багаасаа эмээ, өвөөтэй хамт өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй. Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, гэнэт нэг өдөр бэлтгэл хийхийг зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.
Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Нэг удаа суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Бусдад тусархаг. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа шавиараа бахархаж байна. Шавьдаа жүдогоор барилдсан эхний жил нь дан техник заасан. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд хэчнээн их баярласан гэж санана. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Л.Энхрийлэнг эмээ нь их дэмждэг.
Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн тодотгов. Харин Л.Энхрийлэн жүдоч болсон тухайгаа “Өвөө минь 2006 онд бурхан болсон. Арайхийж жүдоч болохыг эмээгээрээ зөвшөөрүүлтэл кимоно худалдан авах мөнгө байдаггүй ээ. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөнөөс илүүчилж байгаад өмсгөл аван, магнайгаа хагартал баярлаж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Бэлтгэл хийчихээд гэртээ ирэнгүүтээ л угаана, индүүднэ. Анхандаа бэлтгэл, хичээл хоёроо зохицуулах амар байгаагүй ээ. Бэлтгэл, тэмцээнтэй давхацсан үед хичээлээсээ чөлөө авна, заримдаа яалт ч үгүй сууж амжихүй байх энүүхэнд. Тэр үед “Монгени” цоцголбор сургуулийн захирал Н.Лхагва, анги даасан багш Пүрэвдулам маань их дэмжиж, тусладаг байсан. Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтаа гаргасан” гэлээ.
НЭГ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ТҮРҮҮ ХҮРТЭВ
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Л.Энхрийлэн 2013 оны “Боржин кап”-д өрсөлдсөнөө дурсах дуртай. Учир нь тус тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн юм. Тэгэхдээ бүр нэг бус хоёр алтан медаль авсан нь түүний сэтгэлд их тод үлдэж. Яаж нэг тэмцээнээс хоёр түрүү хүртсэн юм бол гэж уншигч та бүхэн гайхаж байгаа болов уу.
Тэрбээр тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд, маргааш нь залуучуудынхад эгч нартайгаа хүч сорин, түрүүлжээ. Түүгээр ч үл барам тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан юм. Л.Энхрийлэн өдгөө Азийн өсвөрийн АШТ-ий мөнгөн медаль хүртэн, УАШТ-ий өсвөрийн ангилалд нэг, залуучуудынхад гурван удаа түрүүлээд байна. Үүний сацуу улсынхаа дэвжээнээс насанд хүрэгчдийн ангилалд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Сууж үүрэх, хөл тавих дархан мэхтэй тэрбээр ДАШТ-ээс өсвөр, залуучуудын ангилалд мөнгөн медаль авсан.
Л.Энхрийлэн “Зөв сэтгэлтэй, бодолтой явбал зөв замаар л явна. Зөв бүхэн хүнийг зөв чигт хөтөлнө” гэж хэлэх дуртай гэнэ.
17 НАСАНДАА “ЧИНГИС ХААН” ГРАН ПРИД ТҮРҮҮЛЭВ
Спорт сонирхогчдын хоног тоолон хүлээдэг, шимтэн үзэх дуртай тэмцээний нэг нь яахын аргагүй “Чингис хаан” гран при байсан. Эх орондоо дэлхийн шилдгүүдийн барилдааныг үзэнгээ монгол жүдочдынхоо дээлийнх нь захыг мушгин, дэмжихээс илүү жаргал гэж юу байх вэ. Тэр ч утгаараа эх орныхоо дэвжээнд түрүүгээ алдахгүйг зөвхөн тамирчид бус бөхийн хорхойтнууд хичээдэг.
2016 онд “Чингис хаан” гран при олимпын өмнө болсон тул “Рио-2016”-д зодоглосон Д.Сумъяа тэргүүтэй шилдгүүд тус тэмцээнийг өнжсөн. Хөдөлмөрийн баатрын эзгүйд түрүүгээ гадны бөхөд алдах вий гэх айдас бөхийн хорхойтнуудад байсан нь лавтай.
Харин бидний итгэлийг Л.Энхрийлэн хөсөрдүүлээгүй. Жингийнхээ шилдгүүдийг өвдөг шороодуулсаар эх орныхоо дэвжээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн тухай “Эхний тойргоос авахуулаад л их хүнд барилдаан хийсэн. Аваргын төлөө барилдахын өмнө “Гэр бүлийнхэн, монголчуудынхаа өмнө ялагдвал яана” гээд нэлээд сандарсан.
Дэвжээнд гарах мөчид түрүүлсэн бөхийг шагнасан Цонжин болдогийн хөшөөний хэлбэртэй цомыг харахад их гоё санагдсан, “Японы тамирчныг заавал ялна” гэж өөрийгөө хурцалсан. Алтан медалиа энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсож байхад Төрийн дуулал эгшиглэх мөчид өөрийн эрхгүй уйлчихсан” гэлээ.
ИХ ДУУЛГЫН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ МОНГОЛЫНХОО ДЭВЖЭЭНЭЭС ХҮРТСЭН НЬ
Л.Энхрийлэн бэртлийн улмаас багагүй хугацаанд барилдаагүй. Улмаар энэ жил дэвжээндээ эргэн ирээд зодоглосон анхны барилдаан нь Улаанбаатарт болсон “Их дуулга” байлаа. Тус тэмцээнд өөртөө итгэлтэй, дайчин барилдсаан түрүүлж, монгол түмнээ баярлуулсан. Ингэснээр Их дуулга ангиллын тэмцээний анхны түрүүгээ Монголынхоо дэвжээнээс хүртсэн юм. Энэ талаар тэрбээр “Баярлалаа. Монголынхоо дэвжээнээс “Их дуулга”-ын тэмцээний анхны алтан медалиа хүртсэндээ баяртай байна. Одоогоос таван жилийн өмнө “Чингис хаан” гран прид түрүүлж байлаа. Түүнээс хойш Монголд жүдогийн олон улсын тэмцээн болоогүй байсан юм. Эх орондоо болсон “Их дуулга”-д түрүүлж, монгол түмнээ баярлуулахын төлөө барилдсан. Ямар ч байсан зорилгодоо хүрч чадлаа. “Их дуулга”, гран при ангиллын тэмцээний анхны түрүүгээ Монголынхоо дэвжээнээс авсандаа их бэлгэшээж байна.
Би 2019 онд бэртсэн. Бэртэл маань бүр хүндрээд мэс засал хийлгэхээс өөр арга байгаагүй. Тиймээс тэр жил мэс засал хийлгэсэн. Түүнээс хойш өмнөх шигээ эрэмгий дайчин, галтай цогтой, өөртөө итгэлтэй барилдаж чадахгүй байсан. “Бэртлээ сэдрээчих вий” гэж айгаад ч юм уу.
Бэртлээс эргэн ирэхэд надад амар байгаагүй. Хүнд хэцүү, шантрах үе зөндөө байсан. Ямар ч байсан тэр бүх хүнд үеийг давлаа, ялалтын бахдал, аз жаргалаар солигдсонд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдаж байна” гэлээ.
Д.СУМЪЯАГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
Бөхийн хорхойтнууд түүнийг монгол жүдочдоос Д.Сумъяатай хамгийн эн тэнцүү, сайн барилдаж байгаа нь гэж үнэлдэг. Тэрбээр 2017 онд болсон Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлэх барилдаанд залуу жүдочдоо төлөөлөн өрсөлдсөн нь цөөнгүй жилийн өмнөөс олны анхааралд өртөж эхэлснийх нь илрэл болов уу. Мэдээж Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнуудын багийн 57 кг-д Д.Сумъяа өрсөлдсөн.
Л.Энхрийлэн Хөдөлмөрийн баатартай хоёр дахь удаагаа учраа таарсан нь тэр. Үзэгчдийг суудлаас өндөлзүүлэн, чамгүй сайн барилдсаар цаг сунгасан ч Д.Сумъяагаас яалт ч үгүй туршлага, ур чадвар дутан дийлдсэн.
Тэрбээр өмнө нь буюу 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д дийлдэхдээ мөн цаг сунгасан хүнд барилдаан хийж ялагдсаныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Тэрбээр Д.Сумъяатай нэг жинд өрсөлдөж яваадаа олзуурхаж явдаг гэнэ.
БЭРТЛЭЭС АВСАН УХААРАЛ
Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байхад өвдөг нь бэртсэн. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ.
Хөл нь бэртэх мөчид түүнд юу бодогдсон талаар “Хөл яг тасарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өө, тэр хооронд юм юм л бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд Түвшээ ах Лондоны олимпод аваргын төлөө барилдсан барилдаан хамгийн бодогдсон. Босож ч чадахгүй, уйлсаар эмчээр үүрүүлээд дэвжээнээс буух хамгийн хүнд байсан. Тэргэнцэр дээр суун, хүнээр түрүүлээд эх орондоо ирснийхээ дараа эрүүл байх л хамгийн чухал, юу ч хийж чадах юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс бэлтгэл дээр бүхнээ дайчилдаг, одоо л хичээж, боломжоо ашиглахгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг” гэлээ.
Тэрбээр бэртлийн улмаас 2017 оны УАШТ-ийг өнжсөн. Улмаар дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэн, эмчлүүлсний ачаар гуравдугаар сард Германд болсон гран прид зодогложээ.
ХЭРВЭЭ ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БОЛ
Л.Энхрийлэн залуучуудын ДАШТ-д анх өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртсэн. Тус тэмцээний дэвжээ Ц.Шийрэв багшийн шавь нарт тун ч ээлтэй. Үүнийг Ө.Дүүрэнбаяр түрүүлж, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг нар хошой мөнгөн медаль хүртсэнээс харж болно. Үүний сацуу түрүү хүртэх босго монгол жүдочдод нэлээд өндөр. Залуучуудын дэлхийн аварга хэмээх алдрын эзэн ганцхан бөхтэй нь үүний илрэл болов уу. Хэрвээ Л.Энхрийлэн түрүүлсэн бол монгол бөхчүүдээс тус тэмцээнд аваргалсан хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны жүдоч болох байв. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 залуучуудын дэлхийн аварга, Японы бөх Ф.Харүкад цэвэр ялагдсан.
Хэдийгээр дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч тус тэмцээнд анх удаа зодоглон дэд аварга болсон нь яавч чамлах амжилт биш. Тэрбээр залуучуудын ДАШТ-д хэрхэн оролцсон талаараа “Анх удаа зодоглож байна, аваргын төлөөх барилдаанд 2015 онд түрүүлсэн бөхийг ялж чадахгүй байх гэж өөрийгөө чамлаагүй. Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорин, цөөнгүй гран при болон олон улсын тэмцээнд оролцчихсон болохоор надад ашигтай, давуу талтай байсан. Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эгч тэмцээнд оролцохоор явахын өмнө “Насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөн, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд үзчихсэн юм чинь миний дүү залуучуудынх нь ангиллаас медаль хүртэж чадна аа” гэхэд гоё санагдсан.
Тус тэмцээнд түрүүлсэн анхны эмэгтэй жүдоч болохыг зорьсон ч санасандаа хараахан хүрч чадсангүй. Аваргалсан бол гэж харамсаж байна. Ер нь мөнгөн медаль надад ээлтэй. Олон улсын тэмцээний ихэнх медаль маань мөнгө. Японы бөх өмнөх тойргуудад бүх өрсөлдөгчөө хэвтээ барилдаанаас ялсан. Хэрвээ би хэвтээ барилдаанд сайн хамгаалж чадсан бол өвдөх шороодулах байлаа. Хэвтээ барилдаанд орохгүйг хичээсэн ч тусыг эс боллоо. Яалт ч үгүй дархан мэхэнд нь ороод цэвэр ялагдчихсан. Тэр даралтнаас л гарчихсан бол аргалж болохоор байсан. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч мөнгөн медалиа чамлахгүй ээ.
Гэмтлээс эргэн ирснээсээ хойш олон улсын тэмцээнээс медаль хүртэж чадахгүй нэлээд удсан. Энэ сайхан мөчийг удаан хүлээлээ. Хүнд, хэцүү үеийг даван туулж, бэлтгэл, формондоо эргэн ороод хүртсэн болохоор бүр ч сайхан санагддаг юм байна. Барилдааны маргаашнаас л гэртээ харих юм сан гэж яарсан” хэмээв.
Ийм нэгэн жүдоч 57 кг-д торнин, дэлхийн дэвжээнд гаргасан амжилтаа олимпын наадамд ахиулах, олимпын аварга болохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж явна. Тэр ямартай ч эхний зорилгодоо хүрч, дэлхийн медальтан боллоо. “Парис-2024” олимпын наадмын гол найдваруудын нэг нь яах аргагүй Л.Энхрийлэн мөн. Одоо түүнд олимпын дэвжээ үлдлээ.