2023 оны төсвийн төслийг Сангийн яамнаас УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төсвийн төсөлд татварын шаталсан тогтолцоотой болох талаар дурьдсан байна. Энэ нь орлогын хэмжээнээс хамааран татвар төлдөг болох асуудал юм.
Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар татварын шаталсан тогтолцоотой болох талаар ам нээн олон нийтэд шүүмжлүүлээд байсан. Гэтэл ирэх оны улсын төсвийг өргөн барьсан энэ үед татварын шаталсан тогтолцооны асуудал олон нийтийг хамарч байна. Бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү бүтээмж өндөртэй ажиллаж, дунджаас бага зэргийн илүү орлого олж, эх орныхоо төлөө шударга ажиллаж, амьдарч байгаа иргэдээсээ өндөр татвар авах гэж байгааг эсэргүүцэж буй хүн олон.
Тэгвэл тус шаталсан тогтолцооны талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
ШАТАЛСАН ТАТВАРЫГ САЙН СУДАЛЖ, ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Одоогийн манай улсын нөхцөл байдалд татварын шаталсан тогтолцоотой болох нь зөв үү?
Татвар өөрийн гэсэн үндсэн зарчмуудтай. Татвар шударга, жигд хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, тухайн үеийн эдийн засаг, нийгмийн байдалд хамгийн их тохиромжтой байх ёстой. Татвар зүгээр нэг хурааж авдаг мөнгө биш. Төр оршихуйн хувьд татвар байдаг гэдэг боловч төр эдийн засгийн бодлогыг дэмжсэн татварын бодлого явуулах ёстой. Энэ утгаараа өнөөдөр Монгол Улс татварын шаталсан тогтолцоотой болох цаг болсон эсэхэд олон байр суурь байна.
Энэ татварын гол зорилго юу вэ гэдгээс их зүйл шалтгаална. Нийгэмд үнэхээр орлогын тэгш бус, ялгаатай байдал үүссэн гэдэг агуулгаар тэгшитгэх зорилготой гэж Сангийн яамнаас тайлбарлаж байна. Тэгвэл Монгол Улсын нийгмийн бүтэц зөв болж чадсан уу. Дундаж давхаргыг бүрэн бий болгож чадсан уу. Өндөр орлоготой, чинээлэг давхарга бүрэлдэн бий болж, өөрийн гэсэн өнгө төрхтэй болж чадсан уу гэдэг асуудал эргэлзээтэй байна.
Би хувьдаа Монгол Улс шаталсан татварыг харьцангуй болгоомжтой бөгөөд сайн судалж, шинжилж байж, тодорхой хугацааны дараа нэвтрүүлэх ёстой болов уу гэж үзэж байна. Учир нь өнөөдөр манай улсын эдийн засаг хөгжиж байгаа, өнгө төрхөө олж амжаагүй, эдийн засгийн бүтэц тодорхойгүй үед харьцангуй идэвхтэй ажиллаж, илүү хүчин чармайлт гаргаж байгаа хэсгүүддээ өндөр ачаалал өгөх цаг хараахан биш болов уу гэж харагдаж байна.
ШАТАЛСАН ТАТВАР АВАХАД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ТӨВШИН ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ БАЙНА
Өнөөдөр чинээлэг гэж нэрлэх гэж байгаа хэсэг буюу нийт ажил эрхлэгчдийн 10 сая төгрөгөөр дээш цалинтай хүн маш цөөн. 3,7 сая төгрөгөөс дээш орлоготой өрх гэвэл нийт өрхийн есөн хувь гэж яригдаж байна. Тиймээс 21 дүгээр зуунд иргэдийн амьжиргааны төвшинг хангалттай хэмжээнд хүргэж чадаагүй байна. Өнөөдөр бид шаталсан татвар авах хараахан болоогүй байна. Эдийн засаг сайжирч, орлогын төвшин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өссөн, чинээлэг дундаж давхарга бий болж, харьцангуй хэт өндөр орлоготой хэсэг бий болсон тэр цагт ийм татвар авч болно.
ОРЛОГЫН ИЛ ТОД БАЙДАЛ АЛДАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Гол эрсдэл нь өндөр орлогыг нуун дарагдуулж, далд эдийн засаг руу шилжиж болзошгүй. Нөгөө талдаа энэ нь эдийн засагт томоохон төсвийн орлого бүрдүүлэх зүйл хараахан харагдахгүй байна. Эдгээр эрсдлээс гадна нийгэмд үзүүлж байгаа сэтгэл зүйн хувьд харьцангуй сөрөг байдал үүснэ гэж харж байна. Жигд бус байдал үүсэж байна. Өндөр орлоготой буюу 10 сая төгрөгөөс дээш орлоготой хэсэг рүү илүү довтолж байгаа байдал нь хараахан цаг үеэ олоогүй болов уу. Үүнийг УИХ-ын гишүүд эргээд харах байх гэж бодож байна.
ШАТАЛСАН ТАТВАРЫН ТОГТОЛЦООНЫ ӨМНӨ НИЙТ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, ИРГЭДИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Мөн татвар өсөж байгаа гэдэг сэтгэл зүй далд эдийн засаг, далд нөхцөл байдлыг үүсгэх болов уу гэж бодож байна. Шаталсан татварыг хэрэгжүүлэх тэр цаг хугацаа нь мөн үү, биш үү. Үүний өмнө бид нийгмийн нийт амьдралыг чанаржуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Нийгэмд татвар төлж байгаагийнх нь хувьд ажиллах, бизнес эрхлэх, орлого олох таатай орчныг нь бүрдүүлэх ёстой юм.
ОРЛОГО ОЛОХ ТААТАЙ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛБЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ
Энэ нь нийгмийн шинж чанартай, улсыг бүрэн хамарсан арга хэмжээ учраас өнөөдөр ийм хэмжээний татвар төлөхүйц нөхцлөөр биднийг хангаж чадаж байна уу гэдэг нь асуудал. Төр байгаадаа татвар авч байгаа хэрэг биш. Улс орны нийтийн боломж, орон зайг ашиглаж орлого олж байгаагийнхаа төлөө татвар төлдөг. Тиймээс бизнесийн орчин, хууль, эрхзүйн орчин, бодлого нь биднийг ажиллаж, хөдөлмөрлөж, бизнес эрхлэхэд хэр шударга байна. Үнэхээр бид бизнес хийж, хөдөлмөр эрхлээд, илүү их хүчин чармайлт гаргахын хэрээр бизнесээ тэлэх, шударга хөдөлмөрлөж, өндөр хэмжээний орлого олох орон зайг төр засаг бүрдүүлж чадсан уу гэдэг асуудал нь илүү чухал юм. Үнэхээр тийм сайхан таатай орчин бүрдүүлсэн бол тухайн татварыг төлөхөд татгалзах зүйл алга” гэсэн юм.
“МАН ИРГЭДЭД АМЛАСАН АМЛАЛТААСАА УХРААД БАЙНА УУ ДАА”
Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл
Энэ татварын шаталсан тогтолцооны талаар Сангийн яамны тайлбарлаж байгаагаар 1300 хүнд зориулсан татвар гэж байсан. Энэ бол худлаа. 120-180 сая төгрөгөөс дээш орлоготой иргэн маш олон байгаа.
Жишээ нь компанийн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авдаг олон хүн байгаа. Тэр хүмүүс энэ асуудалд холбогдох байх. Ковидын дараа Монгол Улсын эдийн засаг болон иргэд маань жаахан сэхэл авах гэж байгаа. Сэхэл авах гээд эрмэлзэж байгаа эрмэлзлийг нухчин дарсан үйлдэл гэж харж байна.
Манай МАН 2016 оноос хойш тасралтгүй хоёр сонгуульд дараалан ялж байна. МАН иргэдийн саналыг гуйж гарч ирсэн. Ард олонд амласан нэг зүйл нь татвар нэмэхгүй, татварын шинэ төрөл зүйл бий болгохгүй гэсэн. Тиймээс ч иргэд, олон нийт саналаа өгсөн. Энэ амласан зүйлээсээ ухраад байна уу даа гэж харж байна. Эргээд иргэддээ татварын шинэ төрөл зүйл бий болгочихоод татварын маргаанд орно гэдгээс би үнэхээр айж байна. Энэ бол маш хүнд, хэцүү зүйл. Маш их зориг гаргаж хийж байна гэж ойлгож байна. Сангийн яамнаас 1300 хүнд зориулсан гэж байгаа. 1300 хүнээс хэдэн төгрөгийн татвар авах болоод ийм их хэмжээний улс төрийн асуудал үүсгэж байгааг би сайн мэдэхгүй байна.
ТАТВАРЫН ШАТАЛСАН ТОГТОЛЦООТОЙ БОЛОХ ЦАГ НЬ ОДОО БИШ
Татварын шаталсан тогтолцоо хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Маш их хэмжээний орлого олж байгаа хүмүүс амьжиргаанд нь нөлөөлөхгүй хэмжээнд татвар төлөхөд асуудал байхгүй. Гэхдээ цаг үе гэж байдаг. Тэр цаг үе нь одоо биш байна. Ковидын дараа дөнгөж нөхөн сэргэж байгаа үе учраас татварын шаталсан тогтолцоотой болох нь дэмий зүйл.
ТАТВАРЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО БҮРЭН БАЙГАА ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Эрсдлийн хувьд хариуцлагын тогтолцооны асуудал байна. Хувь хүний орлогын албан татвараас зайлсхийсэн, буруу мэдүүлсэн бол яах вэ. Эрүүгийн хэрэг үүсэх үү, зөрчлийн хэрэг үүсэх үү. Шаталсан тогтолцоонд түүний хяналтын тогтолцоо байх ёстой. Манай улсад хяналтын тогтолцоо нь бүрэн гүйцэд байгаа эсэхэд эргэлзэж байна.
Өмнө нь Монголын эдийн засгийн түүхэнд тохиолдож байсан үйл явдлууд бий. Татварын шалгалт оруулдаг. Улс төрийн зорилгоор хэн нэгэн этгээдийг “намнах” зүйл болчих болов уу гэсэн айдас байна.
“ХАВТГАЙРСАН ХАЛАМЖАА ЗОГСОО, МАН-ЫНХААН”
Их ажилладаг хүн их төлөх юм байна. Бага ажилладаг хүн бага төлөх юм байна. Хүмүүсийн ажил хийх сонирхол гэж нэг зүйл байна. Монгол Улсын төрийн бүх шатны байгууллагуудын үндсэн үүрэг юу вэ. Ажлын байр нэмэгдүүлэх. Ажлын байраар хангах, бий болгох, хөдөлмөрийг дэмжих. Жишээ нь таван төрлийн халамж аваад, сарын сая төгрөгийн орлоготой. Хорооноос гэр сольж өгөхгүй байна гээд хүмүүс уурлаад байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд хоногийн 50 мянган төгрөгийн цалин өгье гээд ирж ажиллах хүн байхгүй байна. Та нар халамжаа болиоч ээ. О.Цогтгэрэл ээ, МАН-ынхаан. Зөвхөн хүүхдийн мөнгө, зорилтот бүлгийн өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зайлшгүй хэдэг халамжаа үлдээгээд бусдыг нь болих хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийдэг хүн байхгүй болж байна. Ажил хийгээд, илүү хөдөлмөрлөж, илүү цаг сууж ажиллаад, хагас бүтэнсайнгүй зүтгээд хэдэн төгрөг олохоор нь шинэ нэр төрлийн татвараар дарамтлаад байж болохгүй.
ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ИРГЭДЭЭ МӨЛЖИХ НЬ ШУДАРГА БУС
Эдийн засагч Г.Батзориг
Татварын хувьд шаталсан тогтолцоотой байх нь хөгжингүй орнуудад илүү ажиглагддаг үзүүлэлт. Манай улсын хувьд гэнэт ийм тогтолцоотой болно гэдэг маш огцом шийдвэр байна.
Тодорхой хугацаанд судалж байж гарах ёстой шийдвэр болохоос гэнэт ковидын шалтгаанаас болж мөнгө хэвлэсэн. Мөнгө хэвлэтэл ам.долларын ханш өссөн. Үнэ өсөнгүүт экспорт гацсантай холбоотой валютын орлого буурангуут, төсвийн орлогоо нөхөхийн тулд татварыг шатласан болгож байна. Гаднаас орлого оруулж чадахгүй болохоороо дотроосоо мөлжиж эхэлж байгаа л хэлбэр гэж харж байна.
Гэхдээ энэ нь төсвийн орлогод төдийлөн том нөлөөтөй татвар биш. 3.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг, нийгмийн даатгалд бүртгэлтэй ажилчдыг бодоод үзвэл нийт ажилчдын 4.6 хувь нь л байдаг. Нэг сая орчим ажилтантай гэж бодоход 46 мянган ажилтан байна. 46 мянган ажилтан 3.5 саяас дээш орлоготой гэвэл 10 саяас дээш гээд ялгаж үзвэл 5-10 мянгад багтах уу, үгүй юү гэдэг үзүүлэлт гарна. Эдгээр маш цөөхөн хэсгээсээ өндөр татвар авч байна гэсэн үг.
ОРЛОГОО НУУХ, ЦАЛИНГАА БАГААР БҮРТГҮҮЛЖ ЭХЛЭХ ЭРСДЭЛТЭЙ
Татварын шаталсан тогтолцоотой болсноор манайх шиг далд эдийн засагтай улсад орлогоо нуух, цалингаа багаар бүртгүүлэх зэрэг далд эдийн засаг руу чиглэж эхэлдэг. Нэг талдаа татвар авах гэж оролдож байгаад нөгөө талдаа далд эдийн засаг руу оруулчих вий дээ гэж айж байна.
Манай улсад аж ахуйн нэгжүүдийн бүтэц орлогын төвшнөөс хамааран өндөр татвар тавьдаг. Өндөр татвараас зугтахын тулд компаниуд янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл, яг үнэндээ нэг компани. Гэхдээ татвараа багаар төлөхийн тулд гурван охин компани болгочихдог. Иймэрхүү тогтолцоо руу явж байна. Яагаад ийм тогтолцоо үүсээд байна гэвэл далд эдийн засагтай, бүртгэлжүүлэлт бага учраас эргээд хянаж чаддаггүй. Ийм эрсдэл үүсэх магадлалтай.
-Хамгийн том эрсдэл нь далд эдийн засаг үүснэ. Газрууд татвараа бага төлөхийн тулд орлогоо нуудаг болно гэсэн үг үү?
-Тийм. Ажил олгогч, ажил эрхлэгч хоёр хоорондоо тохиролцоод ажиллана. Ийм зүйл рүү орох эрсдэлтэй байна. Хоёр, гурван компанид ажиллаж байгаа бол тэр компаниудтайгаа гэрээ байгуулахдаа ажил хөлслөх гэрээ, эсвэл шал өөр хөдөлмөрийн гэрээгээр явах зэрэг нөхцөл байдал үүснэ. Учир нь манай улсад суурь нь бүрдээгүй. Бүртгэлжүүлэлт байхгүй.
Дээрээс нь албан бус сектор нь эдийн засгийн 50 хувьтай тэнцдэг гэж ярьдаг эдийн засагтай улс учраас гэрээ, контракт зэргийг янз бүрээр хийх боломжтой. Энэ талаас харвал үр дүнтэй арга хэмжээ болохгүй л болов уу.
“ТАТВАР НЭМЭХ НЬ ИРГЭДИЙНХЭЭ ОРЛОГЫГ ХАЛААСНААС НЬ АВЧ БАЙГАА ХЭРЭГ”
20 хувийн татвар төлөхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Жишээлбэл, та сугалаанд мөнгө хожлоо гэхэд гэнэтийн орлогын албан татвар гээд тал хувийг нь авдаг. Түүнд хүмүүс маш эмзэг ханддаг.
Хувь хүний орлогын албан татвар 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 22 хувь. Нийт 30 гаруй хувийн татвар төлж байхад дахиад юун 10 хувийн татвар вэ гэж хүмүүс татгалзах нь аргагүй.
Төсвийн орлого бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа энэ цаг мөчид татварыг нэмэх замаар авна гэдэг нь эргээд иргэдийнхээ худалдан авах чадвар, иргэдийнхээ орлогыг халааснаас нь авч байгаа хэрэг болно. Үүний оронд нэмж экспортоор орсон орлого эсвэл гаднаас оруулж ирж байгаа мөнгөнөөс авбал төсвийн орлого ч нэмэгдэнэ. Иргэд ч ашгаа авна. Гэтэл байгаа зүйлээс нь ингэж авна гэдэг хэрэглээ талдаа ч эдийн засгийг хумих томоохон шийдвэр болно. Үүнийг зөв гарц, гаргалгаа гэж үзэхгүй байна” гэлээ.
ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ӨНДӨР БҮТЭЭМЖ ГАРГАСНЫХАА ТӨЛӨӨ ӨНДӨР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС
Тэр цөөн хүмүүсийн авч байгаа цалин яагаад арай өндөр байна вэ гэхээр бусад хүмүүстэй харьцуулахад мэргэшсэн, бүтээмж өндөр гаргаж байна. Тийм учраас тэр хүмүүсийг үнэлж байгаа үнэлэмж. Гэтэл чи улсынхаа төлөө маш сайн хөдөлмөрлөж байна уу гээд урдаас нь өндөр татвар аваад байхаар нөгөө ажиллаж байгаа хүнд шударга бус.
Илүү хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс нь өндөр татвар авч, өөрт нь хэрэгтэй сургууль, цэцэрлэг, зам, түгжрэлд зарцуулж байгаа бол тухайн хүн амьдрах нийгэм, орчноо бодоод татвараа төлнө. Гэтэл сүүлийн гурван жилд татварын орлогын 40 орчим хувь нь халамж руу орсон. Төлсөн татварыг нь эргүүлээд ямар ч ажил хийхгүй, халамжийн мөнгө хүлээдэг, ажил хийх сонирхолгүй бүлгүүд рүү хавтгайрсан халамж болгож тараагаад байхаар хэн дуртай төлөх вэ.
Наад зах нь нийгмийн даатгалын шимтгэлд 22 хувь авдаг. Үүний 19 хувь нь тэтгэврийн даатгал байдаг. Гэтэл яг миний нэр дээр тэтгэврийн данс үүсээд, миний нэр дээр тэр 19 хувь бодогдож байна уу гэвэл үгүй. Хүмүүс яг үнэндээ байр эсвэл зээл авах гэж л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Учир нь банкнаас тасралтгүй сүүлийн нэг, хоёр жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлага тавьдаг. Энэ хөшүүргээс болж татвар төлөөд байгаа болохоос татвар төлөх өөрийг нь интенсив өгдөг систем манай улсад байхгүй” гэлээ.