АНУ-ын цуутай цуврал алуурчин Jeffrey Dahmer-ийн бодит түүхээс сэдэвлэсэн “Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story” кино нь Netflix дээрх үзэлтээрээ тэргүүлж буй. 1970-аад оны сүүлээс 1990-ээд он хүртэлх үйл явдал, хэргийг өгүүлж буй тус кино цацагдсан даруйд олон сайшаал болон шүүмжлэлийг дагуулаад байна.
Цуврал алуурчны бодит амьдрал кинон дээрхтэй төстэй байсныг холбогдох хүмүүс илэрхийлж байгаа бөгөөд кино цацагдсанаас болж киноны эхлэл хэсэгт түр гардаг түүний дүүгийн талаар үзэгчид чимээгүй өнгөрч чадсангүй. Jeffrey Dahmer-ийн төрсөн эцэг, эх болоод хойд эхийн талаар үзэгчид хэдийнэ мэддэг болсон бөгөөд тэд бодит амьдрал дээр ч нээлттэй ярилцлагууд өгч байсан байна. Харин түүний төрсөн дүүгийн талаар мэдээлэл нууц байгаа тул үзэгчид ийнхүү ихээр сонирхох болсон тухай хэвлэлүүд онцолж байна. Тэгвэл ах дүү хоёрын хойд эх 2004 онд өгсөн ярилцлагадаа түүний дүү нэрээ сольж, өөрийн гэсэн гэр бүлтэй болсон бөгөөд аз жаргалтай, тайван амьдарч байгаа талаар хэлсэн байдаг. Үүнээс хойш дүүгийнх нь талаар мэдээлэл гараагүй юм байна.
Киноны хувьд дээр хэлсэнчлэн үзэгчдээс магтаал хүртэхийн сацуу шүүмжлэлд мөн ихээр өртөж байгаа аж. Ялангуяа бодит амьдрал дээрх хохирогчдын ойр дотныхон энэ киног анх хийхдээ өөрсдөд нь мэдэгдээгүй талаар хэлсэн байна. Тэдний нэг нь “Энэ кино зөвхөн мөнгөний төлөө ийм ёс бус зүйлийг зөвшөөрөлгүй гаргаж байгаа нь харамсалтай” гэж илэрхийлжээ.
Олон улсын кино үнэлгээний томоохон сайт IMDB уг кинонд 10-аас 8.2 гэсэн үнэлгээг өгөөд байгаа юм. Харин киноны гол дүрд “American Horror Story” цуврал киногоор үзэгчдэд хэдийнэ танигдсан Evan Peters тоглосон юм.
Эх сурвалж: TODAY