Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.
“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог ялж, өнөөдөр дэлхийн аварга боллоо.
Ц.Цогтбаатар нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртэж байжээ.
Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.
Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.
Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ.