Тэнгэрт байгаа ээжийгээ тэвчишгүй ихээр санасан ч, уулзаж чадахгүй байгаа нь үгээр хэлэх аргагүй бачимдуулдаг талаар манай нэвтрүүлгийн зочин Должинсүрэн хэллээ. Түүний хувьд ээжийнхээ өөд болсныг фэйсбүүк дээрх постноос мэдсэн байна. Хандалт, лайкны төлөө уралдаж эмгэнэл илэрхийлдэг энэ үйлдэл өөд бологсдын ар гэрийнхэнд маш хүнд тусдаг талаар тэр онцоллоо. Мөн тэрбээр хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрөөх хугацаагаа сүүлийнх мэт нандигнаж байхыг захисан юм.
Тэрбээр, Намайг Одсүрэнгийн Должинсүрэн гэдэг. Одоогоор ТВ8 телевизэд эвлүүлгийн найруулагчаар ажилладаг. Би Өмнөговь аймгийнх. Декритний амралтаа аваад ээж дээрээ очиж амралтынхаа хугацааг өнгөрөөж, өнгөрсөн хоёрдугаар сард ажилдаа орсон. Намайг ажилдаа орсноос сарын дараа ээж маань өөд болсон. Би ээжийгээ бурхан болно гэж мэдээгүй. Эрүүл саруул байгаа хүнийг өнгөрчихнө гэж төсөөлөхгүй шүү дээ. Хүн яг л мөнх байх юм шиг л санаж амьдардаг юм билээ.
Нэг өдөр манай нөхөр гаднаас их сонин царайтай орж ирсэн юм. Өмнө нь орж ирдгээсээ арай өөр байсан гэх үү дээ. Би түүнээс “Яасан бэ? Юу болсон бэ?” гээд асуухад “Хоёулаа Өмнөговь явах шаардлагатай болчихлоо” л гэсэн. Тэр үед ковид туссан нас өндөр эмээгийн маань бие тааруу байсан учраас эмээд маань ямар нэг юм болсон юм болов уу гэж бодсон. Гэтэл ээж минь өнгөрсөн байсан юм билээ л дээ. Би ээжийгээ гэж огт санаагүй.
Би юу ч мэдэлгүйгээр Өмнөговьруу явсан. Ингээд сүлжээгүй газраар явж байгаад сүлжээтэй газарлуу орж ирэхэд, хүн утсаа үзнэ шүү дээ. Тэгэхэд ээжийн минь зурагтай баахан эмгэнэл гарч ирсэн. Хувь хүмүүс нэг нэгнээсээ уралдаж эмгэнэл илэрхийлдэг юм билээ. Тухайн үед цочролд орсон байдалтай өнгөрсөн. Үйл явдал дууссаны дараа эргээд бодоход хэн нэгэн өнгөрөхөд ар гэр нь мэдээгүй байх нь олон. Гэр бүлийн харилцаа чинь мэдээж нандин шүү дээ. Тийм нандин хүнээ өнгөрсөн гэдгийг сошиал орчноос сонсоно гэдэг маш хүнд санагдсан. Хувь аккаунт, сайтынхаа хандалтыг их болгохын тулд тэгдэг нь их болчимгүй үйлдэл. Ийм үйлдлийг битгий хийж байгаасай л гэж хүсэж байна.
Хүн өөр дээрээ ирэхээр л мэддэг юм байна. Өмнө нь “Энэ хүн ингэжээ. Тэр хүн тэгжээ. Энэ олны танил хүн тэгжээ” гэхээр би ч гэсэн “Өө, ингэсэн байна шүү дээ” гээд л эмгэнэл илэрхийлээд л доор нь сэтгэгдэл бичдэг. Эсвэл дотны таньдаг хүн маань байвал шэйр хийдэг байлаа. Гэхдээ энэ нь маш буруу зүйл юм билээ.
Би ээжийгээ өнгөрөхөөс долоо хоногийн өмнө уулзсан. Ажлаар Улаанбаатар хотод ирчхээд буцаад Өмнөговь аймаг руугаа явсан юм л даа. Тэгэхэд нь “сайн яваарай” гээд ээждээ үнсүүлсэн. Хэзээ ч ээж минь намайг сүүлийн удаа үнсэж байна гэж бодоогүй.
Хүмүүст хандаж хэлэхэд ээжтэйгээ, хайртай дотны хүмүүстэйгээ ярихдаа, хоол идээд суухдаа ч тэр сүүлчийнх мэт сайхан хандаж, хором мөч бүрийг хайрлаасай гэж хэлмээр байна.
Ээж маань Өмнөговь аймагтаа нэртэй яруу найрагч, үнэний дуу хоолой болсон сэтгүүлч хүн байсан. Түүнийг Мишигсүрэн гэдэг юм. Ээжийгээ хичнээн их санасан ч дахиж харахгүй, уулзахгүй гэж бодохоор…
Үгээр хэлэхийн аргагүй хэцүү байдаг. Гэхдээ би хүүхэд, дүүгийнхээ хажууд хүчтэй байх ёстой. Ганцаараа байхдаа л тэр санасан сэтгэлээ нуудаггүй. Ээжийгээ өнгөрсний дара,а хэрэв нөхөр, ах дүүгээ алдах вий гэсэн айдастай байх болсон. Тиймээс өдөр бүрийг утга учиртай, үнэ цэнтэй өнгөрөөхийг зорьж байгаа.